Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны барилдаан өнөөдөр эхэллээ.
Энэ өдрийн барилдаанд Увс аймгийн баг Баянгол дүүргийн багтай сугалаа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 19:6-аар ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа.
Увс аймгийн багт улсын аварга П.Бүрэнтөгс /4/, улсын гарди Ө.Бат-Орших /3/, улсын харцага Т.Баасанхүү /5/ , Ц.Мөнхбаяр /3/, улсын начин О.Түмэн /4/ даваатай барилдсан бол Баянгол дүүргийн багт аймгийн арслан Б.Очирхүү /1/, Г.Дармаажанцан /0/, Г.Ганбаатар /1/, Х.Энхчулуун /1/, Д.Ням-Очир /3/ даваа авцгаалаа.
Увс аймгийн багаас даян аварга Н.Батсуурь гадаад руу тэмцээнд явсан тул энэ удаагийн барилдааныг өнжиж, аймгийн заан Т.Батсүрэн гэмтлийн улмаас барилдах боломжгүй болж оронд нь улсын гарди Ө.Бат-Орших барилдлаа. Харин Баянгол дүүргийн багаас аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ мөн гадаад руу тэмцээнд явсан тул оронд нь аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн харцага Б.Түвшинтулга гэмтсэн тул оронд нь аймгийн арслан Х.Энхчулуун нар орж барилдлаа.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг гардсан бол барилдсан бөхчүүд давааны мөнгөө авав.
Маргааш орой 19:00 цагаас Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай өрсөлдөнө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО