Манайд хөдөлмөрийн хөлсийг сараар, Америкт цагаар, Английн хөлбөмбөгийн салбарт нэг долоо хоногоор тооцож олгодог. Харин хөлбөмбөгийн ДАШТ-ий ажлын хөлсийг нэг тоглолтоор бодож өгдөг байна. “Катар 2022” тэмцээний нэг тоглолтын 90 минутад талбайн шүүгчээр ажиллахад 5000 евро, манайхаар 17,7 сая төгрөгтэй тэнцэх цалинг олгох журамтай ажээ.
Франц хатагтай Стефани Фраппарт өнөөдөр, манайхаар арванхоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 03.00 цагт эхлэх “Катар 2022” ДАШТ-ий “Е” хэсгийн Коста Рика-Германы тоглолтод талбайн ерөнхий шүүгч хийнэ. Энэ нь эрэгтэй хөлбөмбөгчдийн ДАШТ-ий түүхэнд анх удаа эмэгтэй шүүгч талбайд ерөнхий шүүгчээр ажиллах тохиолдол болж байна. Одоо 38-тай залуухан хатагтай тэрбээр өөрийн улсын болон олон улсын эрэгтэй хөлбөмбөгчдийн тоглолтуудыг удаа дараа талбайд шүүж байсан туршлагатай мэргэжлийн шүүгч юм. С.Фраппарт хатагтай Францын АШТ-ий тоглолтуудыг 2014 оноос, Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн супер цомын тэмцээний Ливерпүүл-Челси тоглолтыг 2019 онд, Европын клубүүдийн Аваргуудын лигийн гурван тоглолтыг 2020-2021 онд, ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг өнгөрсөн 2021 онд шүүхдээ хамгийн гол үүрэгтэй талбайн шүүгчээр ажиллажээ. Түүнчлэн Европ тивийн АШТ-д талбайн хажуугийн шүүгч хийсэн байна.
Ташрамд хэлэхэд, “Катар 2022” тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт зургаан шүүгч багтсан. Эдгээр хатагтайгаас Стефани Фраппарт /Франц/, Салима Мукасанга /Руанда/, Ёошима Ямашита нар нь талбайн ерөнхий шүүгчээр, бусад Нейза Бэк /Бразил/, Карен Диаз Медина /Мексик/, Кэтрин Несбит нар нь хажуугийн туслах шүүгчээр ажиллахаар ФИФА-гийн урилгаар “Катар 2022”-т хүрэлцэн иржээ. Талбайн хажуугийн туслах шүүгч нь нэг тоглолтод 2500 еврогийн /8,85 сая төгрөгтэй тэнцэх/ цалин хөлс авах зохицуулалтай юм байна.