Хөлбөмбөгийн “КАТАР 2022” ДАШТ-ий шийдвэрлэх, 16 баг нь Хэсгийн шатнаас плей-оффод шалгарч тэмцээнээ үргэлжлүүлэх, 16 баг нь хасагдаж тэмцээнээ дуусгаж гэртээ харих нь тодрох дөрвөн өдрийн дараалсан тоглолтуудын эхнийх нь мягмар гарагийн орой боллоо.
А хэсэг. Нидерланд, Сенегал шөвгийн 16-д шалгарч,
Эквадор, Катар тэмцээнээ дуусгав
__Нидерланд-Катар 2:0. гоол: Гапко 26 мин (1:0), Де Йонг Френк 49 мин (2:0).
Энэ тоглолтын фаворит нь Нидерланд байсан. Зохион байгуулагч Катарын баг тэднийг хожих нь байтугай, тэнцэнэ гэхэд итгэх хөгжөөн дэмжигчид ч тийм олон байгаагүй. Гэхдээ Катарчууд нэр төрийн оноо, нэр төрийн гоол хийхийн төлөө маш их хичээсэн ч довтолгоо нь тэдний санаснаар сайн болсонгүй. Нидерландын хаалганд гоол хийж чадсангүй. Нидерландын багаас дотоодын лигтээ ПСВ багт хүчин зүтгэдэг авъяаслаг тоглогч Гапко 26 дахь минутад гоол хийж тооны харьцааг 1:0 болгосон. Тэрбээр Хэсгийн шатны гурван тоглолтод гурвууланд нь багаасаа эхэлж гоолын салхийг хагалж айлын хаалгыг бөмбөгөөр мялаалаа. Хоёрдугаар үе эхлээд төд удалгүй тоглолтын 49 дэх минутад Испанийн домогт “Барселона” клубт тоглодог легионер Де Йонг Френки гоол хийж тэргүүллийг 2:0 болгосон. Нидерландын хөлбөмбөгчид дараагийн тоглолтод хүчээ нөөж, түүнчлэн бэртэл гэмтэл авахаас болгоомжилж шуургалсан довтолгооноос татгалзаж бөмбөг барьж өөр хоорондоо харилцан дамжуулж тайван тоглосоор үндсэн цагийг дуусгалаа. Хэсэстээ нэгдүгээр байрт шалгарсан Нидерландын баг хасагдах шатны шөвгийн 16-д шалгарлаа. Шөвгийн 16-д “В” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Африк тивийн аварга Сенегалтай тоглоно. Зохион байгуулагч Катарын баг Хэсгийн шатанд нэг ч оноо авч чадсангүй. Нэр төрийн нэг гоол хийж, хаалгандаа долоон бөмбөг алдсан тааруу үзүүлэлтэйгээр эх орондоо зохиогдсон ДАШТ-ээ дуусгаж үзэгчдийн эгнээнд шилжлээ.
__Эквадор-Сенегал 1:2. гоол: Сарр, торгуулийн цохилт 26 мин (1:0), Кайседо 67 мин (1:1), Кулабали 70 мин (1:2).
Хэсгээс Нидерландын баг нэгдүгээр байраар шөвгийн 16-д шалгарах нь тодорхой гэдгийг урьдчилан тааварлаж байсан Эквадор, Сенегалын тоглолт хоёрдугаар байрын төлөөх “цусгүй дайн” байлаа. Эквадорчууд 4 оноотой тул 3 оноотой Сенегалтай тэнцэхэд л тэдний урьд гишгэж хоёрдугаар байрт шалгарах боломжтой байсан. Харин эсрэгээрээ Сенегалын багт зөвхөн хожлын 3 оноо хэрэгтэй байлаа. Сенегалын довтлогч Сарр нэгдүгээр үе завсарлахын өмнө тоглолтын 44 дэх минутад торгуулийн цохилтоос гоол хийж багтаа тэргүүлэл авчирч, хамгийн чухал нь хожих итгэл найдварын галыг асаасан. Гэвч байдал эвгүйдэж байгааг ухаарсан Эквадорчууд хоёрдугаар үед довтолгоогоо ширүүсгэж хаалгандаа бөмбөг алдахгүй гэж хэтэрхий хойшоо сууж тоглосон Сенегалын багийг давамгайлж тоглосны үр дүнд 67 дахь минутад хагас хамгаалагч Кейседа тэнцээний гоол хийлээ. Тоглолтын хувь заяа эргэлээ гэж талбай дээрх Эквадорын тоглогчид, тэдний хөгжөөн дэмжигчид бодож байсан ч энэ бүхэн талаар болж тэнцээний гоолоос гуравхан минутын дараа Сенегалын багийн ахлагч Кулибали гоол хийж багтаа 2:1 гэсэн тэргүүллийг авчирсан. Талбайн шүүгч эцсийн шүгэл үлээх хүртэлх тоглолтын үлдсэн 20, сунгасан 7, нийт 27 минутын хугацаанд жинхэнэ “цусгүй дайн” өрнөсөн. Эквадорчууд тэнцээний гоол хийх гэж машид хичээсэн ч, Сенегалчууд хойшоо сууж хамгаалалгүй “хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо” гэдгийг мөрдлөг болгож сөрж довтолсон учраас эн тэнцүү өрсөлдөөн үргэлжилсээр дахиж гоол оролгүй Африк тивийн аварга Сенегалын багийн ялалтаар өндөрлөлөө. Хэсгээсээ хоёр дугаар байраар хасагдах шатанд шалгарсан тус баг шөвгийн 16-д Английн багтай тоглоно.
B хэсэг. Англи, АНУ шөвгийн 16-д шалгарч,
Уэльс, Иран тэмцээнээ өндөрлүүлэв
__Уэльс-Англи 0:3. Гоол: Рэшфорд 50 мин (0:1), Фоден 51 мин (0:2), Рэшфорд 68 мин (0:3).
Англи, Уэльс нь холбооны нэг улсад багтдаг боловч Британчуудыг хөлбөмбөгийн спортыг анх үүсгэсэн гэдэгт нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА давуу эрх эдлүүлж эдгээр хоёр болон Шотланд, Умард Ирландыг тус тусдаа шигшээ багтай байхыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ хоёр багийн тоглолтыг Британийн дерби тоглолт гэж нэрлэж болно. 2021 онд нутаг дээр нь Европ тивийн АШТ-ыг зохион байгуулахад финалд торгуулийн цохилтоор хожигдож мөнгөн медаль хүртсэн Английн шигшээ баг нэгэн цагт хамгийн үнэтэй хөлбөмбөгчин явсан “цахилгаан” Бэйлээр ахлуулсан Уэльсийн багийг нийт үндсэн цагт, ялангуяа хоёрдугаар үед илт илүүрхэж гурван гоолын зөрүүтэй хожлоо. Гоолыг тоглолтын 50, 68 минутад Английн “Манчестэр Юнайтед” клубын довтлогч Рэшфорд, 51 дэх минутад “Манчестэр Сити” клубын хагас хамгаалагч Фоден оруулсан. Английн шигшээ багийн дасгалжуулагч Саутгейт довтлогч Рэшфордыг “Катар 2022”-т анх удаа талбайд гаргаж тоглуулан хэр формтой байгааг нь шалгалаа.
1958 оны хойш 64 жилийн дараа ДАШТ-д шалгарч оролцсон Уэльсийн баг хэсэгтээ сүүл мушгиж плей-оффод шалгарч чадсангүй, гэрийн зүг авто хөлгийн жолоо залж телевиз үзэгчдийн эгнээнд шилжлээ. Хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж плей-оффод шалгарсан Английн баг шөвгийн 16-д “А” хэсгийн хоёрдугаар байрын баг Африкийн төлөөлөл Сенегалтай оноолт таарсан.
__Иран-АНУ 0:1. Гоол: Пулишич 36 мин (0:1).
Эхний хоёр тойргийн дараа 3 оноо авсан Ираны баг 2 оноотой АНУ-ын багтай тэнцэж шөвгийн 16-д шалгарах зорилготой талбайд гарсан нь хамгаалалтын тактикаас нь мэдэгдэж байлаа. Харин Америкчуудад зөвхөн хожил хэрэгтэй учраас довтолж тоглолоо. Санаачилгыг гартаа авч Иранчуудыг торгуулийн талбай, хаалганы өмнө нь шахаж довтолгоо өрнүүлсний үр дүнд АНУ-ын багийн лидер, Английн “Челси” клубт тоглодог легионер Пулишич нэгдүгээр үеийн 38 минутад гоол хийж багтаа 1:0 гэсэн тэргүүллийг авчирсан. Байдал өөрсдөд нь ашиггүй болж эргэлээ гэдгийг ойлгосон Иранчууд хоёрдугаар үед хамгаалалтын тактикаа өөрчилж довтолж тоглон тэнцээний гоол хийх боломжийг хайсан ч санасандаа хүрсэнгүй хожигдлоо. Ираны багийг хожиж гурван оноо авч хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж плей-оффод шалгарсан АНУ-ын баг шөвгийн 16-д “А” хэсгийн нэгдүгээр байрын баг Нидерландтай тоглоно.
Америкчуудын хувьд таагүй явдал тохиосон нь энэ тоглолтын хожлын гоолын эзэн, шилдэг тоглогч Пулишич нь гэмтсэн учраас хоёрдугаар үед талбайд гарч ирсэнгүй, бэртлийн түвшин тогтоох шинжилгээ өгөхөөр эмнэлгийн лабораторийг зорьжээ.
ЖИЧ: Өнөөдөр XI.30-ны лхагва гаргийн орой C, D хэсгийн гуравдугаар тойргийн 4 тоглолт болно. Шөвгийн 16-д одоогоор шалгарсан Францын баг дээр нэмэгдэж хоёр хэсгийн нийт 7 багаас ямар 3 баг нь плей-оффод шалгарах вэ гэдэг нь эцэслэн тодорно. Үүнд:
- Оройн 23.00 цагаас Тунис-Франц, Австрали-Дани
- Шөнийн 03.00 цагаас Польш-Аргентин, Саудын Араб- Мексик тоглолттой.
Б.Ерэнтэй