Одоогоос 20 жилийн өмнө буюу 2002 оны Өмнөд Солонгос, Японы хамтарсан ДАШТ-ий нээлтийн тоглолтод Францын хаалганд цорын ганц хожлын гоол оруулсан Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгч "Арслан" хочит Пап Буба Диоп таалал төгсөөд хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Тэрбээр хөлбөмбөгчний карьераа дуусгаж, зодог тайлсныхаа дараа хүнд өвчинтэйгөө удаан тэмцэлдсэний цэст 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд 42 насандаа таалал төгссөн байна.
Тэгвэл Сенегалын шигшээ багийнхан болон хөгжөөн дэмжигчид өчигдөр болсон Эквадорын шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод түүний "Жинхэнэ арслан хэзээ ч үхдэггүй" хэмээх бичигтэй зурагт хуудсыг барин, хүндэтгэл үзүүллээ. Тэд хэсгээсээ хоёрдугаар байраар гарч, дараагийн шатанд Английн шигшээ багтай хүч үзнэ.
Тэрбээр 1978 оны 11 дүгээр сарын 29-нд Сенегалын Дакар хотноо мэндэлжээ. Түүний өндөр 194 см бөгөөд хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв. Мөн 2002-2013 онуудад Франц болон Английн клубүүдэд тоглож, шигшээ багтаа 2001-2008 онд хүчин зүтгэж, 63 тоглолтод 13 гоол оруулжээ. Түүнчлэн тэрбээр Сенегалын шигшээгээс ДАШТ хамгийн олон гоол буюу гурван гоол оруулсан тоглогч билээ. Түүний анхны ДАШТ 2002 онд байсан. Тус тэмцээнд тэр багаа тэргүүлэн Францын хүчирхэг багийг хожиж, Урагвайн шилдэг багтай тэнцэж байсан удаатай.
Л.Сайнаа