Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын заан, чөлөөт бөхийн спортын мастер Рэгжийбуугийн Давааням агсны нэрэмжит “Түмний манлай-2022” чөлөөт бөх, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн арванэгдүгээр сарын 24-27-ны өдөр Говь-Алтай аймгийн төв Алтай хотод боллоо. “Абаазан” сангаас ивээн тэтгэсэн тус тэмцээнд Говь-Алтай аймгийн 13 cум, 7 сургуулиас гадна Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Алдар” спорт хороо, нийт 33 байгууллагын 1000 гаруй өсвөрийн тамирчид чөлөөт бөхийн хөвгүүдийн 16, охидын 14 жин, үндэсний бөхийн гурван насны ангилалд өрсөлдөж медальтнуудаа тодруулав.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Гансүх ажилласан. Тэмцээний үеэр мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна гавьяат тамирчин, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Харүмафүжи Д.Бямбадорж тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулсан бүх багш, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгожээ. Шилдэг эрэгтэй тамирчнаар М.Майдар , эмэгтэй тамирчнаар Б.Удвал, уран барилдааны шагналыг Я.Ховланды, шилдэг шүүгчээр Г.Энхжин, шилдэг дасгалжуулагчаар М.Даянжалба тодорсон. Багийн нэгдсэн дүнгээр спортын мастер Х.Магвандорж дасгалжуулагчтай Говь-Алтай аймаг тэргүүлж, спортын мастер Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймаг удаалж, аймгийн начин С.Бахыт дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг гутгаар байрт оров.