Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “G”, “H” хэсгийн II тойргийн тоглолтууд манайхаар даваа гаргийн шөнө боллоо. Урьд өдрүүдэд A, B, C, D, E, F, зургаан хэсгийн тоглолтууд болж II тойрог нь өндөрлөсөн. Ийнхүү Хэсгийн шатны II тойрог эцсийн цэгээ хатгалаа. XI.29-ны мягмар гаргаас XII.02-ны баасан гаргийн хооронд орой болгон хоёр Хэсгийн, нийт дөрвөн өдөр дараалан болох шөвгийн 16-д шалгарахын төлөөх хамгийн сүүлчийн III тойргийн тоглолтууд биднийг хүлээж байна. Одоогийн байдлаар Франц, Бразил, Португал, гурван улсын баг Хэсгээсээ шалгарах болзлоо биелүүлж шөвгийн 16-д тоглох “тасалбараа” халааслаад байна.
Өнөөдөр XI.29-ний МЯГМАР гаргийн орой “A”, “B” хэсгийн тоглолтуудаар III тойрог гараанаасаа гарна. Үүнд:
- Нидерланд – Катар, Эквадор- Сенегал. 23.00 цагаас зэрэг эхэлнэ
- Уэльс-Англи, Иран- АНУ. шөнө 03.00 цагаас зэрэг эхэлнэ.
Ташрамд, өнгөрсөн шөнө болсон “G”, “H” хэсгийн II тойргийн тоглолтуудын дүнг танилцуулъя.
Гоолын “борооны” ширхэг 6-гаар тоологдсон Камерун, Сербийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө
__“G” хэсэг. Камерун-Серби 3:3. гоол: Кастеллетто 29 мин (1:0), Павлович 45+1 мин (1:1), Малинкович-Савич 45+3 мин (1:2), Митрович 53 мин (1:3), Абубакар 64 мин (2:3), Чупо-Мотинг 66 мин (3:3).
Эхний тоглолтдоо оноо аваагүй, нэг ч гоол айлын хаалганд оруулаагүй хоёр баг “Катар 2022”-т анхны гоол оруулж, анхны оноо авах хүсэл зорилготойгоор талбайд гарсан. Камеруны багийн бүрэлдэхүүнд гарааны үндсэн хаалгач Андре Онана нь эзгүй байв. Түүний оронд нөөц хоёрдугаар хаалгач Эпасси гарч хаалгаа манасан. Үндсэн хаалгач Андре Онана эхний тоглолтын дараа ерөнхий дасгалжуулагч Сонгтой багийн тактикийн талаар маргалдаж муудалцсаны улмаас шигшээ багаасаа хөөгдөж үзэгчийн эгнээнд шилжжээ.
Тоглолтын эхлэлийг Камерунчууд сайн тавьж 29 дэх минутаас 1:0-ээр хошуучилж явсан ч нэгдүгээр үеийн төгсгөлийн 45 дахь минутад нэг минут 30 секундын зайтай дараалан хоёр гоол алдаж 1:2-оор хожигдож завсарласан. Хоёрдугаар үе эхлээд төд удалгүй найм дахь минутад Английн “Фулхэм” клубт энэ улиралд маш сайн тоглож байгаа легионер Митрович Камеруны хаалганд гоол хийж тооны харьцааг 1:3 болгон Сербичүүд хоёр гоолын зөрүүтэй хожиж эхэлсэн. Гэсэн ч Африкийн баг хариу барьж сэлгээнээс тоглолтын 55 дахь минутад талбайд орж ирсэн довтлогч Абубакар 64 дэх минутад бөмбөгийн зөрүүг ойртуулж нэг гоол, түүний дамжуулалтаар довтлогч Чупо-Мотинг 66 дахь минутад тэнцүүлж дараагийн нэг гоолыг орууллаа. Камеруны довтлогч Абубакар хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд сэлгээнээс талбайд гарч гоол хийж, гоолын дамжуулалт өгч хос амжилт үзүүлсэн Африкийн анхны хөлбөмбөгчнөөр бичигдсэн.
Тооны 3:3 харьцаа өөрчлөгдөлгүй дуусч хоёр багийн тоглогчид анхны оноо авсан, анхны гоол оруулсан амжилтдаа сэтгэл хангалуун байлаа. Ташрамд хэлэхэд, тоглолт явагдсан 44325 суудалтай “Эль-Жануб” цэнгэлдэхэд үзэгч хангалттай ирээгүй хоосон суудал олон байсныг дүүргэхийн тулд Зохион байгуулагчид тоглолтын завсарлагааны цагаар хэдэн зуун хүнийг тасалбаргүйгээр үнэгүй үзүүлэхээр цэнгэлдэхэд дотогш оруулсан. Гэсэн ч цэнгэлдэхийн суудал сайн дүүрсэнгүй, 39789 үзэгчтэй байжээ.
Неймаргүй Бразилын баг Швейцарыг 1:0 гэсэн даруухан дүнгээр хожиж 16-д шалгарлаа
__“G” хэсэг. Бразил-Швейцар 1:0. гоол: Каземиро 83 мин (1:0).
Өнгөрсөн хугацаанд 21 ДАШТ-ий түүхэнд аваргын Цомыг бусдаас хамгийн олонтаа таван удаа өргөсөн Бразилын баг Европын төлөөлөл Швейцарыг 1:0-ээр буулган хожлын бүтэн 3 оноо авч, нийт 6 оноотой болж Хэсгийн шат өндөрлөхөөс нэг тойрог дутуу байхад шөвгийн 16-д шалгарах болзлоо биелүүллээ.
“Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа Бразилын багийн шилдэг довтлогч Неймар нь бэртэлтэй байгаа учраас талбайд гараагүй. Неймартай Бразил, Неймаргүй Бразилын довтолгоо хэр зөрүүтэй байдгийг харуулсан энэ тоглолтын хожлын ганц гоолыг талбайд гарсан зургаан довтлогч, Родриго, Рафинья, Антони, Ришарлисон, Жезус, Винисиус нарын хэн нэг нь бус тулгуурын хагас хамгаалагч Каземиро хийлээ. Тэрбээр Испанийн алдарт “Реал М”-аас шилжиж энэ жилээс Английн “Манчестэр Юнайтед” клубт ирсэн легионер тоглогч, дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэгд нэрлэгддэг хөлбөмбөгчин. Тоглолт бүртээ гоолын бороо оруулдаг уламжлалтай, довтолгооны супер багт тооцогддог Бразилын шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтод ердөө 3-хан гоол айлын хаалганд хийсэн нь хөгжөөн дэмжигчдийн урмыг хугаллаа.
ДАШТ-д оролцогчийг шалгаруулах Европын бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Хэсэгтээ цуг орсон, өнгөрсөн 2021 оны Европын аварга Италын багийн өмнө гишгэж тус багийн “Катар 2022” оролцох эрхийг нь таслан зогсоосон Швейцарчууд энэ тоглолтод хожигдсон ч Бразилчуудтай харьцангуй сайн өрсөлдөж дараагийн тоглолтод Сербийг хожиж, эсвэл тэнцэж шөвгийн 16-д шалгарах бүрэн боломжтой гэдгээ олон нийтэд батлан харууллаа.
Жич: “G” хэсгээс Бразилын баг урьдчилан шалгарч, бусад гурван баг нь үлдсэн нэг “суудлын” төлөө өрсөлдөж шөвгийн 16-д шалгарах боломжтойгоор эхний хоёр тойргийг өндөрлүүллээ.
Нэг ямар баг нь 16-д шалгарах нь Хэсгийн шатны сүүлчийн гуравдугаар тойргийн Камерун (1 оноо)-Бразил (6 оноо), Серби (1 оноо)-Швейцар (3 оноо) тоглолтоор эцэслэн шийдэгдэнэ. Тоглолтууд XII.03-ны үүрээр 03.00 цагт зэрэг эхлэх хуваарьтай.
Өмнөд Солонгосын баг Ганад хожигдож эхэлж, дараа нь тэнцэж, дахин хожигдож тоглолтоо дуусгалаа
__“H” хэсэг. Өмнөд Солонгос-Гана 2:3. гоол: Салису 24 мин (0:1), Кудас 34 мин (0:2), Чо Гю Сон 58 мин (1:2), Чо Гю Сон 61 мин (2:2), Кудус 68 мин (2:3).
Таван гоолтой тоглолт Ганын багийн 3:2 гэсэн ялалтаар өндөрлөлөө. Африкийн баг тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхний үед 24 дэх минутад хамгаалагч Салисугийн гоолоор тэргүүллийг авсан. Үүнээс арван минутын дараа Ганын шинэ залуу од, Нидерландын “Аякс” клубт тоглодог легионер Кудас хоёр дахь гоолыг Өмнөд Солонгосын хаалганд хийсэн. Авьяаслаг тоглогчийн хувьд энэ нь Катар 2022”-т оруулсан анхны гоол нь байлаа. Тоглолтын хоёрдугаар үед Солонгосчууд нэхэж гоол хийхээр шаргуу довтолж талбайд зарим үед Ганачуудыг торгуулийн талбайнхаа өмнө олноороо, хөлбөмбөгчдийн нэрлэдгээр “автобус тавьсан” хамгаалалт хийхэд хүргэсэн. Довтлогч Чо Гю Сон мөргөж тоглолтын 58, 61 дэх минутад дараалан гоол хийж тоог 2:2 болгон тэнцүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ баяр хөөрийг бялхаасан. Гэсэн ч төд удалгүй довтлогч Кудус өөрийн хоёр дахь, багийнхаа гурав дахь гоолыг Өмнөд Солонгосын хаалганд оруулж багтаа дахин тэргүүллийг авчирлаа. Талбайн Англи шүүгч Тэйлорыг эцсийн шүгэл үлээх хүртэлх үндсэн цагаас үлдсэн 22, нэмэлт 6, нийт 28 минутын хугацаанд багууд харилцан довтолсон гоол оруулж чадсангүй. Талбайн шүүгч Тэйлор төгсгөлийн нэмэлт 6 дахь минут өнгөрч байхад Өмнөд Солонгосын багт булангийн цохилт хийх эрх олгож гараараа дохьсон атлаа гэнэт шийдвэрээ цуцалж эцсийн шүглээ үлээсэн. Азийн багийн португал дасгалжуулагч Бенту нь булангийн цохилтын шийдвэрээ цуцалсан Тэйлор шүүгч рүү агсран дайрч хэл үгээр доромжилсон бөгөөд энэ үйлдэлдээ бан авч “улаан хуудас”-аар торгууллаа. Хуудасны торгууль авсан дасгалжуулагч Бенту хэсгийн сүүлчийн Өмнөд Солонгос-Португал тоглолтод багаа талбайн захаас удирдах эрх нь хасагдсан шийтгэл хүлээж үзэгчдийн эгнээнд суухаар боллоо.
Португалын баг шөвгийн 16-д шалгарсан тоглолтын гол баатар нь Роналду бус Фернандеш байлаа
__“H” хэсэг Португал-Уругвай 2:0. гоол: Фернандеш 54 мин (1:0), Фернандеш, торгуулийн цохилтоор 90+3 мин (2:0).
Европын “бразил” гэгддэг Португалын баг Уругвайг 2:0-ээр буулган авч оноогоо 6 болгосноор Хэсгийн шатнаас цааш шалгарч хасагдах шатны шөвгийн 16-д тоглох болзлыг нэг тойрог дутуу байхад урьдчилан хангалаа. Бразил улс нь Португал улсын колони байсан. Иймээс бразилчууд португалаар ярьдаг. Өмнөд Америкийн бусад улсууд Испани улсын колони байсан учраас испани хэлээр ярьдаг. Бразилыг “Өмнөд Америкийн португалчууд” гэж нэрлэдэггүй атлаа, харин эсрэгээрээ Португалчуудыг “Европын бразилчууд” гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь зөвхөн хөмбөмбөгийн спортын салбарт хэрэглэгддэг нэр томьёо юм. Португалын хөлбөмбөгчид Европ тивдээ техниктэй уран гоё хууралт, бөмбөг залалтаараа бусдаас ялгардаг, өөрөөр хэлбэл бразил хэв маягийн хөлбөмбөг тоглодог учраас ийм тодотгол нэртэй болжээ.
Тоглолтын баатраар энэ удаад хөлбөмбөгийн амьд домог, багийн ахлагч 37-той Роналду бус Английн алдарт “Манчестэр Юнайтед” клубт тоглодог легионер залуу 28-тай Фернандеш тодорлоо. Тоглолтын 54 минутад хамгаалагч Геррейрүгийн дамжуулсан бөмбөгийг айлын торгуулийн талбайн гаднаас баруун цохиж тэргүүллийн гоолыг, шүүгчийн мэдлийн 90+3 минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг 2:0 болгож ялалтыг баталгаажуулсан гоолыг хийсэн. Тэрбээр, эдгээр гоолоос гадна нэмж хоёр гоол оруулах дөхсөн. Нэг боломжийг нь Уругвайн хаалгач Роше хааж зогсоосон бол хоёр дахид нь түүний цохьсон бөмбөг хаалганы шон онож хаалганы тор хөдөлгөх чиглэлээ өөрчилсөн. Хожигдсон Уругвайн багаас торгуулийн талбайдаа гарч хүрч Португалчуудад торгуулийн цохилт хийх эрх “бэлэглэсэн” төвийн хамгаалагч Хименесийг сөрөг талын баатраар нэрлэж болох байх. Сайн талаас нь гэвэл, хоёрдугаар үед сэлгээгээр талбайд орж ирсэн гурван тоглогчоос довтлогч Гомес айлын хаалганы шон оносон, бүхний танил Суарес хаалттай цохилтоос гоолдох дөхсөн, хагас хамгаалагч Де Арраскаета бөмбөг тууж Португалын хаалгачтай ганцаараа тулж очсон зэрэг гоол оруулж чадаагүй ч боломж гаргасныг онцолж байна.
Жич: “H” хэсгээс Португалын баг урьдчилан шалгарч, бусад гурван баг нь үлдсэн нэг “суудлын” төлөө өрсөлдөж шөвгийн 16-д шалгарах боломжтойгоор эхний хоёр тойргийг өндөрлүүллээ.
Нэг ямар баг нь 16-д шалгарах нь Хэсгийн шатны сүүлчийн гуравдугаар тойргийн Өмнөд Солонгос (1 оноо)-Португал (6 оноо), Гана (3 оноо)-Уругвай (1 оноо) тоглолтоор эцэслэн шийдэгдэнэ. Тоглолтууд XII.02-ны 23.00 цагт зэрэг эхлэх хуваарьтай.