Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны I тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Найман хэсэг тус бүрийн дөрвөн баг хоорондоо нэг удаа таарч гурван тойрог тоглож дүнгээ гаргана. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). ДАШТ-ий “C” хэсгийн хоёр тоглолт арваннэгдүгээр сарын 22-нд болж I тойрог өндөрлөлөө. Тус хэсгийн
II тойргийн Аргентин-Мексик, Польш-Саудын Араб тоглолт XI.26-нд,
III тойргийн Польш-Aргентин, Саудын Араб-Мексик тоглолт XI.30-нд тус тус болох хуваарьтай.
Аваргын тааварт яваа Аргентины баг Саудын Арабт хожигдож сенсаац дэгдээв
__C хэсэг. Аргентин-Саудын Араб 1:2. гоол: Месси 10 мин, торгуулийн цохилт (1:0), Салех Аль-Шехри 48 мин(1:1), Салем Аль-Давсари 53 мин(1:2).
2019 оны долдугаар сараас хойш ялагдал амсаагүй явсан, сүүлийн таван тоглолт дараалан хожиж хаалгандаа ганц ч гоол алдалгүй айлын хаалганд 19 гоол хийсэн Аргентины баг дунджаас доогуур үнэлгээтэй Саудын Арабт хожигдлоо. Энэ нь нэг талаар сенсаац болж байгаа ч, нөгөө талаар манай бөхчүүдийн ярьдгаар заал танхим, Улсын наадмын дэвжээ огт өөр гэдэгтэй жишиж зүйрлэхүйц, ДАШТ-д шалгарч ирсэн хөлбөмбөгийн ямар ч баг Дэлхийн дэвжээн дээр хожно гэж гарч тоглодог, санасандаа хүрэх нь олонтаа болохыг батлан харуулсан үйл явдал байлаа.
Аргентины баг нь шигшээ багийн ахлагч Мессигийн торгуулийн цохилтоос 10 дахь минутад оруулсан гоолоор тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Тооны 1:0 харьцаа хоёрдугаар үеийн эхний гурав дахь минут хүртэл үргэлжилсэн. Харин Арабын хөлбөмбөгчид тоглолтын 48 дахь минутад 1:1 тэнцээний, тун удалгүй 53 дахь минутад 1:2 хошуучлалын гоол орууллаа. Аргентинчууд талбайн шүүгчийн эцсийн шүгэл дуугарах хүртэлх үндсэн 90 минутаас үлдсэн 37, шүүгчийн сунгасан нэмэлт 14, нийт 51 минутын хугацаанд Саудын Арабын багийн торгуулийн талбай, хаалганы өмнө бөмбөг эзэмшиж илүүрхэж тоглосон ч тэнцээний гоол оруулж чадсангүй. Арабууд өөрийн хаалган талдаа ойрхон байрлалд бүгдээрээ хамгаалж, хөлбөмбөгчдийн нэрлэдгээр “автобус тавьж” тоглосоор гоол алдалгүй Аваргын тааварт нэрлэгдэж байгаа Аргентины шигшээ багийг хожиж чадлаа.
Энэ тоглолтын дараахан болсон тоглолт Мексик-Польш 0:0-ээр өндөрлөснөөр Саудын Араб гурван оноогоор хэсгээ тэргүүлж Аргентин оноогүй дөрөвт бичигдэж буй. Хэрвээ Аргентины бүтэлгүйтэл дараагийн хоёр тойрогт үргэлжилж Хэсгээсээ нэгдүгээр байраар бус хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд гарч ирвэл шөвгийн 16-д дэлхийн аварга Францтай оноолт таарах юм.
Саудын Арабын хожил өөрт нь төдийгүй бусад гурав, бүх дөрвөн багт Хэсгээсээ шалгарах боломжийг одоогоор “цаасан дээр” бичлээ. Гэхдээ хоёр, гуравдугаар тойргийн дараа л ямар хоёр баг шөвгийн 16-д шалгарч байгаа нь бодитоор тодорхой болно.
Хаалгачид нь гайхалтай сайн тоглосноор Мексик, Польшийн баг тэнцэж, нэг нэг оноо авлаа
__C хэсэг. Мексик-Польш 0:0. Польшийн Левандовский 57 минутад торгуулийн цохилт алдаж гоолдож чадсангүй
Багууд 0:0-ээр тэнцсэн ч талбай дээрх өрсөлдөөний эрчим дажгүй, тоглогчид ур чадварын сайн талаа харуулсан нь үзэгчдийг уйтгасан огт сонирхолгүй тоглолт гэж хэлэхэд оновчгүй байх. Гэхдээ “вау” гэж уулга алдуулсан онц сонирхолтой боллоо гэхэд бас хэтийдсэн дүгнэлт болно. Ердөө л ДАШТ-ий жишиг болсон өрсөлдөөнтэй, онооны төлөөх тактикийн тоглолт байлаа.
Хөлбөмбөгийн шинжээчид тоглолтын өмнө Польшийн шигшээд 134 тоглохдоо 76 бөмбөг, Европын клубүүдэд 757 тоглохдоо 551 бөмбөг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан “гоолын машин” гэгддэг довтлогч Левандовскийг Мексикийн одоо 37 настай ахмад хаалгач Очоагийн хаалганд гоол хийнэ. Гагцхүү хэд вэ гэдэг нь сонин байна гэх мэт яриа гаргаж байлаа. “Токио 2020” олимпын хүрэл медальт хаалгач Очоа нь 2006, 2010, 2014, 2018 оны ДАШТ-д тоглосон. Энэ жилийнх тав дахь тэмцээн нь. Гэтэл довтлогч, хаалгач хоёрын халз өрсөлдөөнд Очоа нь ялагч боллоо. Левандовскийн хол ойроос хөлөөрөө цохьсон, түүнчлэн торгуулийн талбайд толгойгоороо мөргөсөн бөмбөгийг хааж, заримыг нь барьж хаалгаа хуурай маналаа. Дээр нь түүний гүйцэтгэсэн торгуулийн цохилтыг хааж чадсанаар багаа ялагдлаас аварсан. Очао хаалгачаас гадна Мексикийн талбайн тоглогчид Левандовскийг шилдэг тоглолтоо гаргахад саад болсон.
Польшийн багаас хамаг сайн тоглосон нь хаалгач Щесны. Олон улсын нэр хүндтэй судалгааны конторууд энэ тоглолтын шилдгээр түүнийг нэрлэсэн нь Мексикийн багийн довтолгоог зогсоож баг нь 0:0 тэнцэхэд гол гавьяатай гэдгийн баталгаа болж буй. Мексик-Польш тоглолтод хоёр баг тэнцэж оноо хуваасан нь хаалгачид маш сайн тоглосны үр дүн байв.
Б.Ерэнтэй