Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-нд Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг баталж, өнгөрсөн дөрвөн жилийн турш уг тогтоолын хэрэгжилтийг ханган ажилласан. “Тавантолгой түлш” ХХК уг тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэн, сайжруулсан шахмал түлш бэлдэж, Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг бүрэн хангаад нэгэнт хэвшсэн.
Гэтэл Эрчим хүчний яамны санаачилгаар арав орчим хоногийн өмнө уг тогтоолын зарим заалтыг хүчингүй болгож, Улаанбаатар хотод ажиллаж байгаа нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглэх шийдвэр гаргасан байна.
Ингэснээр уг 62 дугаар тогтоолын хэрэгжилт энэ өвлөөс эхлэн царцаж байгаа бөгөөд Улаанбаатар хот ахин хар тортог, нүүрсний угаар хоёрт дарлуулах нөхцөл байдал үүссэн байна. Хэдийгээр айл өрхийн хэрэглээнд сайжруулсан түлш хэрэглэх нэг заалт нь хүчин төгөлдөр хэрэгжих ч Улаанбаатар хотын хэмжээнд 3200 нам даралтын зуух ажилладаг. Нэг нам даралтын зуухны яндан 100 айлын яндантай тэнцдэг гэж тооцвол нийтдээ 320 мянган айл өрх нүүрс түлэх хэмжээний утаа, хөө тортог, агаарын бохирдол үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь нийт Улаанбаатар хотод байгаа 220 мянган гэр хороллын айл өрхөөсөө ч их тоо гэдэг нь ойлгомжтой.
Ингэж Эрчим хүчний яамны хүсэлтээр Улаанбаатар хот руу нам даралтын зууханд зориулж, түүхий нүүрс оруулж ирэх боломж бүрдсэнээр айл өрхүүд ч хулгайгаар түлэх боломж нээгдэх нь ойлгомжтой. Дамлах, нуух, нийлүүлэх гээд сүлжээ үүсэх зам мөрийг нээж өгсөн Эрчим хүчний яам сүүлийн саруудад “Ирэх өвөл дулаан, цахилгааны доголдол үүснэ. Аргална даа” гэж удаа дараа мэдэгдсэн.
Гэтэл 2018 оноос эхлүүлж, өдгөө хэрэгжилт нь жигдэрсэн сайжруулсан түлш түлэх, цахилгаан станц, нам даралтын зуухнуудад эрчим хүчний баяжуулсан нүүрс хэрэглэх Засгийн газрын тогтоолыг цуцлуулах замаар асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн нь харамсалтай. Уг 62 дугаар тогтоолд 2022 оны зургадугаар сард мөн өөрчлөлт оруулж, эрчим хүчний баяжуулсан нүүрс хэрэглэхээр шийдвэрлэсэн ч хоёр удаагийн шийдвэр ийнхүү Эрчим хүчний яамны хүсэлтээр цуцлагдав.
Тус яамны сайд асан Н.Тавинбэх өнгөрсөн нэг жилийн хугацаанд удаа дараа “Сайжруулсан шахмал түлшний чанарыг олон улсад шинжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл түлшний чанарын талаар нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй. Мэдээлэл өгөөгүй. Дээр нь, энэ асуудалд хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан гэж бодохоор 2022-2023 онд шилжих энэ жилийн өвөл улаанбаатарчуудын хувьд өмнөх дэвшлээсээ ухарч, утаа тортог дундаа өвөлжих харанхуй, агаарын бохирдол нь дахин дээд цэгтээ хүрсэн улирал байх нь ойлгомжтой боллоо. Гагцхүү энэ шийдвэрийг шахаж, түлхэж гаргуулсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн харин эрх мэдлээ хадгалан үлдэх нь дамжиггүй. Учир нь, тэрбээр цахилгаан, дулааны хүндрэлийг нам даралтын зууханд түүхий нүүрс түлүүлж шийдвэрлэсэн болохоор тэр шүү. Хонь бүрэн, чоно цатгалаан гэж...
А.Сүх
Сэтгэгдэл (5)