Намрын сүүл сарын шинийн 3-ны балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль шинэ байрныхаа шавыг ёслол төгөлдөр тавилаа. Нийслэлийн суурьшлын шинэ төв болох Яармагийн наадмын дэнжид баригдах сургуулийн барилга 2024 оны хичээлийн шинэ жилээр сурагчдаа хүлээн авахаар төлөвлөжээ. “Наадам дэнж” хотхонтой хаяа дэрлэн баригдах барилгыг сургуулийн 800, цэцэрлэгийн 100 хүүхдийн багтаамжтай байхаар төлөвлөсөн байна. 10800 ам метр талбай бүхий сургуулийн байр нь 180 анги танхим, 3400 ам метр ногоон байгууламж, 592 ам метр олон улсын стандарт хангасан спорт заалтай байх аж. Мөн урлаг танхим, шинжлэх ухааны лаборатори, технологийн өрөө, номын сан зэрэг хүүхдийн сурч боловсрох таатай орчныг бүрдүүлсэн жишиг төлөвлөлттэй юм байна.
Ингээд шав тавих ёслолын үеэр зарим хүний сэтгэгдлийг сонссоноо хүргэе.
"Eduzone Education Group" ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Ганбат:
-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль нь 2003 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл 700 орчим төгсөгч манай сургуулийг төгсөж гарсан байна. Сургууль маань олон улсын Кембридж хөтөлбөрийн дагуу сургалт, боловсролын үйл ажиллагаа явуулдаг. Намрын отгон сарын шинийн 3-ны балжинням, дашням давхацсан энэ билэгт сайн өдрийн морин цагт Яармагийн наадам дэнж дээр сургуулийн маань шинэ барилгын шав тавих ёслол сайхан болж өнгөрлөө. Сургууль маань 2024 оны есдүгээр сарын 1-нд шинэ байрандаа нүүж орохоор төлөвлөж, Монголын топ-100 аж ахуйн нэгжийн нэг болох GIP групптэй энэ барилгын ажил дээр хамтран ажиллаж байгаа. Сургуулийн барилга ашиглалтад орсноор сургалтын хөтөлбөр, агуулгад ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Бид Кембриджийн олон улсын хөтөлбөрөө үргэлжлүүлэн энэхүү сургуульдаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх бодолтой байгаа. Ингээд 2024 оны есдүгээр сарын 1 гэхэд манай сурагчид, багачууд Яармагийн энэ сайхан дэнж дээр шинэ байрандаа, шинэ ангидаа суралцана гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
GIP группын гүйцэтгэх захирал Б.Жонон:
-Өнөөдөр намрын сүүл сарын шинийн гурванд манай компанийн хамт олон бас нэгэн бүтээн байгуулалтаа эхлүүлж байна. Энэ нь “Наадам дэнж” орон сууцны хороололтой хаяа дэрлээд “Улаанбаатар Элит” сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Энэ сургууль нь 1000 орчим хүүхдийн багтаамжтай, урлаг заал, спорт заал, анги танхимууд, кантен гэх мэт олон улсын стандартаар баригдах орчин үеийн сургууль байх болно. Энэ сургуульд Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд суралцаж, Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн хамт олон энэхүү сургуулийг чанарын өндөр түвшинд аюулгүй ажиллаж, цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх болно.
“Элит багачууд” цэцэрлэгийн эрхлэгч Б.Батцэцэг:
-“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн харьяа “Элит багачууд” цэцэрлэг нь 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь бол “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагчдыг бэлтгэх зорилгоор байгуулагдсан цэцэрлэг. Манай цэцэрлэгийн гол онцлог нь сургуулийн өмнөх боловсролынсайжруулсан хөтөлбөр дээр нэмээд англи хэлний нэмэлт хөтөлбөртэй. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн онцлог нь тухайн англи хэлний багш нь цэцэрлэгийн сурагчидтай өглөөнөөс орой хүртэл хамт байж тэдний англи хэлний боловсролыг дэмжих зорилгоор ажилладаг. Цэцэрлэгийн хувьд 4-5 насны 86 сурагчийг энэ жил хамруулан суралцуулж байгаа. Мэргэжлийн багш, боловсон хүчнээр бүрэн хангагдсан цэцэрлэг.
Шинэ цэцэрлэгт 4-5 насны зургаан бүлэг буюу нас бүрдээ гурван бүлэг нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа. Цэцэрлэгийн үйл ажиллагаа шинэ байранд эхлэхэд бид боловсон хүчнийхээ нөөцийг хангаад, багийн үйл ажиллагаа, бүрэлдэхүүн бүрдсэн.
"ICT" группын Маркетенг, борлуулалт хариуцсан захирал Б.Тамир:
-Намайг “Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагч байхад дөрөвхөн хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд өнөөдөр миний охин сурч, хүмүүжиж, боловсордог. Шинэ сургуулийнх нь өргөтгөл баригдаж, өнөөдөр шав тавих ёслол нь болж буйд эцэг, эхийн төлөөлөл болж, тэдний өмнөөс маш их баяртай байгаагаа илэрхийлмээр байна. “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд хүүхдүүд Кембриджийн хөтөлбөрөөр суралцахаас гадна бие даах, бусадтай харилцах, хүний оронд өөрийгөө тавьж чадах чадвар нь маш их сайжирдаг гэж үздэг учраас анх энэ сургуулийг сонгон хүүхдээ оруулж байсан минь зөв сонголтуудын нэг байсан гэдэгт итгэлтэй байдаг. Энэ сургууль удахгүй төлөвлөсөн хугацаандаа баригдаж, хүүхэд шуугисан их өргөө болж, хүүхэд бүрийн өглөө хичээлдээ догдлон ирдэг сургууль болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье!
“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сургалтын менежер Рату:
-Намайг Рату гэдэг. Би “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сургалтын менежерээр тав дахь жилдээ ажиллаж байна. Бид сургалтын хөтөлбөртөө Кембриджийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ингэснээр гадаадад их, дээд сургуульд сурах хүсэлтэй сурагчдад эерэгээр нөлөөлж байгаа. Монгол хүүхдүүдтэй ажиллахад тэднийг маш ухаалаг гэдгийг олж харсан. Харин тэдний мэдлэгийн цар хүрээг тэлэхэд чиглүүлэг хэрэгтэй. Тиймээс бид тэдний сурч хөгжих замыг чиглүүлэхээр ажиллаж байна. Энэхүү шинэ бүтээн байгуулалтын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Сургууль маань ирээдүйд илүү олон сурагчтай болж, өргөжин тэлнэ гэдэгт би итгэлтэй байна.
Сэтгэгдэл (67)