Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Баянхонгор, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монголын хүүхдийн спортын VII наадмыг зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Хишигбаатар нар оролцсон уулзалтыг зохион байгуулан спортын барилга байгууламжийн ажилтай танилцахын сацуу тус аймгийн БТСГ-т ажиллалаа.
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, Биеийн тамир, спортын газраас БТСУХ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2023 онд явагдах “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ батлан илэрхийлж, наадмын тэмцээнийг явуулах материаллаг бааз, спортын заал талбай, наадам зохион байгуулах туршлага, хүний нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг хийлээ.
Үүнд. Баянхонгор аймаг:
- 2016-2022 онд аймаг, улсын чанартай өсвөр үеийн насны ангиллаар тав, залуучуудын насны ангиллаар нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын насны ангиллаар нэг тэмцээнийг зохион байгуулж, 9332 тамирчин, дасгалжуулагчид хамрагдсан;
- “Баянхонгор бага олимп”-ыг гурван удаа зохион байгуулсан;
- Сум, баг бүрд орон тооны арга зүйчдийг томилон ажиллуулж нийт 25 арга зүйч, 60 идэвхтэн гишүүн, 65 биеийн тамирын багш, 200 оюутан, нийт 350 сайн дурын ажилтантай;
- Аймгийн төвийн баг, сургууль, аж ахуйн нэгж байгууллагын 19 спорт заал, гурван талбайтай болсон,
- 2022 оны 12 сард ашиглалтад орох “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-той болж, наадмын гол арга хэмжээг зохиохоор төлөвлөж байна
- Тамирчдыг байрлуулах 11 зочид буудал, 50 гэр байгууламж, найман сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газартай;
- Үйлчилгээний 31 автобус Улаанбаатар-Баянхонгор чиглэлд үйлчлэх боломжтой зэрэг танилцуулгаа БТСУХ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хийсэн юм.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай саналаа солилцон тодруулга авч, харилцан мэдээлэл солилцлоо. Улсын хорооны ажлын хэсгээс өмнө нь зохион байгуулсан наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн байна. Ажлын хэсэг тус аймагт ажилласан тайлан, өгсөн үнэлэлтээ удахгүй гарган аль аймагт “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд явуулахаа шийдвэрлэх юм.
Тус аймгийн спортын мэргэжилтнүүдээс биеийн тамир, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, дасгалжуулагч, биеийн тамирын багш нарт аймгийн өсвөр үеийн волейболын аварга шалгаруулах тэмцээний үеэр Засгийн газрын шагнал “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг, жуух бичгээр шагнасныг БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Баянхонгор аймгийн хүүхдийн спортын сургууль дээр гардуулан өгч, урамшууллаа.
Удахгүй Баянхонгор, Орхон аймагт ажилласан ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд танилцуулж, Монголын хүүхдийн спортын VII наадмын зуны төрөл, Монголын бүх ард түмний өвлийн спортын XV наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийг хүлээн авч зохион байгуулах аймгийг сонгон шалгаруулж шийдвэрлэх юм.