Энэ амралтын өдрүүдэд “Itaewon global village festival-2022” Олон улсын наадам БНСУ-ын Ёнсан дүүрэг (Итэвон)-т амжилттай болж өндөрлөв.
Наадмын нээлтэд Элчин зөвлөх Ж.Оюунбаатар хүндэт зочноор оролцож, уран бүтээлч Ч.Энэбиш, Д.Гансугар нар “Алтайн магтаал” аялгууг тогложээ. Баярын жагсаал (парад)-д Монгол сургуулийн багш сурагчид, Залуучуудын холбоо зэрэг 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцов.
Мөн үзэсгэлэн худалдаанд Монгол Улс үндэсний ноос ноолуур, арьс шир, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ сурталчилж “S&B” fashion, “Урьхан брэнд”, “Монгол гар урлал” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, мөн Г.Чинзориг арьсан эдлэлийг 100% гараараа газар дээр нь урлан сонирхуулжээ.
Тус наадамд БНСУ-д суугаа гадаадын 26 улсын Элчин сайдын яам оролцож, нийтдээ нэг сая гаруй хүн үзжээ. Наадмын үеэр урлагийн тоглолт явагдаж, баярын жагсаал (парад), улс орноо сурталчилсан үзэсгэлэн худалдаа болсон байна.