Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд байгууллагаас гавьяаны амралтдаа суусан ахмадын төлөөлөл болон дүүргийн Ахмадын хорооны дарга Б.Мөнхцэцэг нарыг хүлээн авч уулзав.
Энэ үеэрээ “Та бүхэндээ Олон улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэе. Бид жил бүр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд цар тахал болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан уулзалт зохион байгуулалгүй, Засаг даргын мэндчилгээ, бэлгийг цахим хэлбэрээр хүргэж байсан. Энэ удаа та бүхнийг төлөөлөл болгон хийж хэрэгжүүлж буй ажлаа товчлон хүргэж, Засаг даргын мэндчилгээг уламжилж байна. Нийслэл дүүрэг, эх орныхоо хөгжилд халуун залуу насаа зориулан, үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнтэйгээ бид ирэх хаврын сар шинийн баяраар уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Та бүхэндээ болон нийт ахмадууддаа баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал ерөөе” гэлээ. Мөн энэ өдрийн хүндэт зочдын нэг нь дүүргийн Прокурорын газраас гавьяаныхаа амралтад гарч буй З.Оюундэлгэр байлаа. Тэрээр Прокурорын байгууллагад Хэрэг бүртгэлд мөрдөн байцаах ажил хариуцсан прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокуророор тасралтгүй 40 жил ажиллажээ. Үүний 24 жилд нь Сүхбаатар дүүргийн прокурорт ажилласан байна. Түүнийг дүүргийн Хүндэт тэмдгээр шагнаж, хүндэтгэл үзүүлэв.