Японы сүмо бөхийн холбооноос арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн банцүкэ тогтоох хурал өчигдөр болж макүшитагаас жюүрёод дэвшин барилдах бөхчүүдийг зарлалаа. Энэ удаа Аки башёд макүшитагийн нэгээс босч барилдаж 4-3 ялсан “Фүтагояма” дэвжээний бөх, монгол, тува сүмоч Рога Амартүвшингийн Амарсанаа жюүрёод анх удаа дэвшив.
Экс озэки Миябиямагийн анхны цолтой шавь 23 настай Рога 2019 оны нэгдүгээр сараас мэргэжлийн сүмод барилдаж эхэлж эхний хоёр тэмцээндээ жонокүчи, жонидан зиндаанд түрүүлж нийт 22 башё зарцуулжээ.
Рога монгол аав, тува ээжтэй бөгөөд 14 нас хүртлээ ОХУ-ын Тувад төрж өсч, Японы ахлах сургуульд элсэхээсээ өмнө нь монголд нэг жил амьдарсан. Тэрбээр Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Хокүсэйхо гээд монгол сүмочдын төгссөн “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн “бүтээгдэхүүн” бөгөөд гадаад бөхчүүдээс анхны ахлах сургуулийн ёкозүна болж байсан.
Эх сурвалж: MGL sport