Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм. Мөн Монголын жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд тамирчдаа давхарласан.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн.
- 2022 оны "Улаанбаатар" гранд сламын алтан медаль
- 2022 оны "Парис" гранд сламын хүрэл медаль
- 2021 оны "Абу Даби" гранд сламын хүрэл медаль
- 2018 оны "Дюсселдорфд" гранд сламын хүрэл медаль
- 2016 оны "Улаанбаатар" гран-при хүрэл медаль
Дэлхийн чансаанд 2591 оноотойгоор 11-р байранд бичигдэж байна.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Үндэсний шигшээ баг, “Женко" ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо.
М.Ичинхорлоо Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж байсан. Түүний хувьд 2017 онд Э.Базаррагчаа, Э.Буянхишиг нарын хамт Азербайжаны тамирчин болсон. 2017, 2018 онд Азербайжаны аваргаас хүрэл медаль хүртэн, дараа жил нь 57 кг-д барилдаад түрүүлсэн юм.
- 2022 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медаль
- 2022 оны "Улаанбаатар" гранд сламын хүрэл медаль
- 2022 оны "Загриб" гран-при хүрэл медаль
А.Сүх