Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Манай улсаас оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тодорсон.
Тухайлбал, Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм. Мөн Монголын жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд тамирчдаа давхарласан.
Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Мөн жүдогийн бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон бөгөөд манай улсын хувьд эмэгтэй баг нэг мөнгө, нэг хүрэл, эрэгтэй баг нэг хүрэл медаль хүртэж байсан.
ДАШТ-д түрүүлсэн тамирчид
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар/2009 он Нидерланд, Роттердам, эрэгтэйчүүдийн -66кг/,
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг /2013 он Бразил, Рио-де-Жанейро, эмэгтэйчүүдийн -48 кг/
- Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар /2014 он Орос, Челябинск, эрэгтэйчүүдийн -60кг/
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа /2017 он Унгар, Будапешт, эмэгтэйчүүдийн -57 кг / тус тус алтан медаль хүртэж байсан.
ДАШТ эхлэхтэй холбойтоогоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох -48кг. Энэ жинд манай улс хоёр тамирчин оролцуулж байгаа билээ.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг.
- 2022 оны ААШТ-ий хүрэл медаль
- 2019 оны “World Masters” мөнгөн медаль
- 2022 оны “Анталия” гранд сламын алтан медаль
- 2022 оны “Улаанбаатар” гранд сламын мөнгөн медаль
- 2018 оны “Екатеринбург” гранд сламын хүрэл медаль
- 2020 оны “Будапет” гранд сламын хүрэл медаль
Үндэсний шигшээ баг, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү.
- 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, шилдэг тамирчин
- 2022 оны “Анталия” гранд сламын мөнгөн медаль
- 2022 оны “Парис” гранд сламын мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай.
А.Сүх
Сэтгэгдэл (3)