Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Найрамдал цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат зуслангийн үйл ажиллагаа, хөтөлбөр, хүний нөөц, төсөв санхүү дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
2023 онд 45 жилийн ойтойгоо золгож буй тус цогцолбор хүүхэд өсвөр үеийнхний танин мэдэх сэтгэн бодох, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох, байгаль орчинтойгоо зөв харьцах, хамтдаа суралцаж хамтдаа хөгжих шинэлэг бөгөөд сонирхолтой арга хэлбэрээр хөгжлийн хөтөлбөрөө сайжруулжээ.
Дээд хүчин чадлаараа ажилласан ч Монголын нийт хүүхдийн 0.2 хүрэхгүй хувь нь Найрамдал зуслангийн үйл ажиллагаанд хамрагддаг. Тиймээс “Онлайн Найрамдал” хөтөлбөр боловсруулан нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн зуслангийн зуны ээлжийн эрхийг 100 хувь цахимаар явуулдаг болсон талаар тэрбээр танилцуулсан юм.
Зуслангийн өвлийн төв байр болон дулаанаар хангах цехийн иж бүрэн засвар шинэчлэл хийгдэж байна. Өвлийн байрны засвар энэ ондоо дуусах бол хил хаалттай байдлаас үүдэн дулааны цехийн засвар он дамнан хийгдэхээр байгаа аж.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам