Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорлоо. Спортын төв ордны А зааланд амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардууллаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Буриадын их сургуулийн профессор, доктор Калмыков Степан Владимирович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх М.Болд, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.
21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр
- дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл),
- аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ.
Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Монголын бүх ард түмний спортын наадмын шилдэг спорт холбоогоор Монголын таеквондогийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын самбо бөхийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гимнастикийн холбоог шалгарууллаа.
Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлөөс Монголын үндэсний парахөнгөн атлетикийн холбоо, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ширээний теннисний холбоог шалгаруулсан байна.
Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.