"Белград-2022" бөхийн төрлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 тамирчин оролцсон билээ. Манай улсын тамирчид ДАШТ-д амжилттай оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж эрэгтэй, эмэгтэй тус бүр багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагсаж арванхоёрдугаар сард АНУ-д болох “Дэлхийн цом”-д өрсөлдөх тэмцээний эрх авч өндөрлүүлэв.
МӨНГӨН МЕДАЛЬ
М.ЛХАГВАГЭРЭЛ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд М.Лхагвагэрэл финалд алдарт Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгарсан билээ. Финалд Турк Улсын бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, мөнгөн медалийн эзэн боллоо.
Д.ОТГОНЖАРГАЛ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Д.Отгонжаргал Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградад мөнгөн медаль зүүв. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав.
Б.ХУЛАН
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Хулан мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Энэтхэгийн Винеш Фогатыг 7:0-ээр, Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр, Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгринийг тус бүр цэвэр ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд 2022 оны Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Пэрришт 2:4-өөр ялагдсан байна.
ХҮРЭЛ МЕДАЛЬ
З.ЗАНАБАЗАР
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-ийн жинд З.Занабазар хүрэл медаль хүртэв. Шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан тэрбээр дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж улмаар хүрэл медалийн төлөө Хятадын бөхийг унагаж дэлхийн аваргаас анхны медалиа авав.
Н.НАРАНХҮҮ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Н.Наранхүү хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Болгарын Георгий Вангеловыг 9:0-оор ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)