32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу номын баяр есдүгээр сарын 16-18-ны хооронд, гурван өдөр үргэлжилнэ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатай зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Номын баяр зохион байгуулахад өмнөх жилүүдэд бэрхшээл их гардаг байлаа. Өнөөдөр номын баяр бие даасан, томоохон арга хэмжээ болон өргөжжээ. Нийслэлээс “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран Улаанбаатар хотыг дэлхийн номын нийслэл болгохоор зорьж байна” гэв.
Ташрамд дурдахад ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталсан.
Уг өдрийг тохиолдуулан ЮНЕСКО нь Дэлхийн номын нийслэл хөтөлбөрийг 2001 онд эхлүүлсэн бөгөөд номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг жил бүр Дэлхийн номын нийслэлээр сонгон шалгаруулдаг аж.
Сэтгэгдэл (7)