Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 13 цагаас нээх юм. "Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй "Номын баяр 2022" арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Номын баярын хөтөлбөрт:
- “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”,
- “Хүүхдийн номын хүрээ”,
- “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”,
- “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”,
- Шинэ номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа,
- Урлагийн тоглолт зэрэг 15 хөтөлбөрийн хүрээнд орон даяар гурав хоног үргэлжилнэ.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.