Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградад мөнгөн медаль зүүв. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав.
Д.Отгонжаргал Монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 22 дахь мөнгөн медаль авчирснаас гадна ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 18, эмэгтэйчүүдээс 8 дахь тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор) болж байна.
Белградын дэвжээнд финалд хүрэх замдаа 1/8 шигшээд Узбекистаны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Жасмина Иммаева, шөвгийн наймд дэлхийд 2 удаа үзүүрлэсэн Румыний Алина Вучийг цэвэр, хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор тус тус ялсан билээ.
Эх сурвалж: MGL sport
Сэтгэгдэл (1)