Монголын Үндэсний уулчдын холбооноос мэдэгдэл гаргажээ. Эргэн сануулбал, уулчин Х.Бумхишиг Кыргыз улсын нутагт орших Памирын нурууны Ленин оргилд соло аврилт хийж байх үедээ хөлөө хөлдөөж, эрсдэлд ороод байгаа юм. Түүнийг аврах баг есдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.
Харин есдүгээр сарын 9-ны байдлаарх аврах ажиллагааны мэдээллийг МҮУХ-ны зүгээс өгчээ. Уг мэдэгдэлд "Холбооны аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд ирлээ. Энэ тосгоноос цааш бэйс кемп хүртэл 2 цаг орчим машинаар дөхнө, тэндээс болзсоны дагуу моринд ачаагаа ачин өндрийн 1-р кемп хүртэл шөнөөр алхаж, отог байгуулан хононо.
Өглөө эрт д.т.д 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж 5800 м гацсан уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг Централ азиа компанийн авиралтын удирдагч Илья хэмээх уулчин нэг туслах уулчинтай энэхүү аврах ажиллагаанд нэгдсэн байна. Мөн тухайн компани аль хэдийн хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа юм байна. Нэг туслах ажилтан нь өндрийн 1-р кемп дээр холбоочин хийн үлдэж 4 хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг эхлүүлэх юм.
Одоо бүгдээрээ дөрвөн уулчиндаа найдан залуу уулчнаа эсэн мэнд байгаасай хэмээн залбирч, боломжийн хэрээр хандив босгох ажлаа явуулж байя даа.Хандивын данс ХААН банк 5077279930 (Ганхүү)" гэжээ.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (2)