"Фантастик продакшн"-ы жүжигчид мэдэгдэл хийлээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ны өдөр "Зура 2:Цурам ажиллагаа" кино нээлтээ хийж, кино театруудаар гаргахаар төлөвлөөд байсан юм. Харин киноны монтажинд техникийн алдаа гарснаар өнөөдрийн бүх үзвэрүүд цуцлагджээ. Гэхдээ өнөөдрийн нээлтийн ёслол болох цагтаа эхэлнэ хэмээн мэдэгдлээ.
Энэ талаар жүжигчин Б.Барслхагва “Өнөөдөр кино үзэхээр тасалбар захиалсан байсан үзэгчдээсээ хүлцэл өчье. Киноны монтажинд техникийн асуудал гарснаас шалтгаалж дахин монтажлах шаардлагатай болсон. Бид алдааг засахаар 48 цагийн турш ажилласан боловч хугацаандаа театруудад өгч амжсангүй. Энэ бол хэн хэнээс шалтгаалаагүй, давагдашгүй хүчин зүйл тохиолдлоо. “Зура 2:Цурам ажиллагаа” кино маань маргааш өглөө буюу есдүгээр сарын 10-ны өглөөний үзвэрээсээ эхлээд гарах болно. Харин өнөөдөр орой 17 цагт The Corporate Convention center-т албан ёсны нээлт болно” гэв.
Т.Мөнхжаргал