Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид оролцлоо.
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10,11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр болсон юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морьт харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:
-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр, үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлэх юм. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна гэсэн юм.
Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд “Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авсан бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг ташрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн 34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа. Морьт харвааны тэмцээнийг та бүхэн маань очиж үзээрэй гэж хүсье” гэлээ.