Дэлхийн хамгийн их хөгжөөн дэмжигчтэй спорт болох хөлбөмбөг манай улсын хувьд төдийлөн хөгжөөгүй. Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад оролцдог болсон хэдий ч олигтой амжилт үзүүлж байгаагүй. Гэхдээ энэ нь ичмээр, хөлбөмбөгчдөө шүүмжлээд байх зүйл биш. Улирлын тэмцээнүүдээ зохион байгуулж, клубын системд шилжээд Монголын хөлбөмбөг алхам алхмаар урагшлах гээд л байгаа.
Гэтэл ууган хөлбөмбөгийн клубын нэг “Дэрэн”-гийнхэн Монголын хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй гутамшигт үйлдлийг өчигдөр “СПФ”-ынхонтой тоглохдоо гаргалаа. Хоёр баг тоглох явцад “СПФ” багийн Бразил легионер бөмбөг авах бүрийд “Дэрэн”-гийн хөгжөөн дэмжигчид “monkey” хэмээн бархиралдаж байв.
Улмаар тус клубын хамгаалагч О.Даваадэлгэр 1:2-ын харьцаагаар хожигдож байх үедээ биеийн хэлэмжээрээ сармагчинг дүрсэлж Монголын хөлбөмбөгийн түүхэнд хар толбо авчрав. “Дэрэн” клубын хамгаалагч болон хөгжөөн дэмжигчийн энэ үйлдэл нь шууд утгаараа арьс өнгөөр ялгавралан гадуурхаж буйн илрэл билээ.
Дөнгөж хөгжиж эхэлж буй энэ спортын төрлөөр Монголын баг тамирчид олон улсын тэмцээнүүдэд олон оноогоор хожигдох нь дээр хэлсэнчлэн ичээд байх зүйл биш. Харин ингэж арьс өнгөөр ялгавралан гадуурхах нь хэзээ ч, хэнээс ч гарч болохгүй үг, үйлдэл. Иймээс Монголын хөлбөмбөгийн холбоо “Дэрэн” клубын хөгжөөн дэмжигчид, тоглогчид хатуу арга хэмжээ авахгүй бол расизмыг өөгшүүлсэн хэрэг болно.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (7)