Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудсанд Бага ангийн хүүхдийн цүнхний жин биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой талаар мэдээлсэн. Тухайлбал, зургаан настай Монгол хүүхдийн дундаж жин 21,5 кг байдаг. Тэгвэл үүний арван хувь гэвэл 2,1 кг жинтэй цүнх үүрэх хэрэгтэй юм.
- Долоон настай хүүхдийн дундаж жин 23,5 кг бол 2,3 кг
- Найман настай хүүхдийн дундаж жин 27,5 кг бол 2,7 кг
- Есөн настай хүүхдийн дундаж жин30,5 кг бол 3 кг
- Арван настай хүүхдийн дундаж жин 33 кг бол 3,3 кг
- Найман настай хүүхдийн дундаж жин 36,5 кг бол 3,6 кг жинтэй цүнх үүрэх хэрэгтэй гэсэн олон улсын судалгаа бий.
Энэхүү олон улсын судалгаа Монгол хүүхдүүдийн биеийн жин, стандартад хэрхэн нийцдэг, эцэг эх, багш нарт өгөх зөвлөгөөний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.
Тэрбээр “ Цахим хуудсанд мэдээлсэн судалгаа бол АНУ-ын хүүхдийн эмнэлгийн гаргасан судалгаа юм. Үүнийг манай улсын хүүхдүүд мөрдөх, эцэг эх, багш нар мөрдүүлэх ёстой. Хүүхдийн биеийн жингийн таван хувьтай тэнцэх хэмжээний жинтэй цүнх үүрэх хэрэгтэй байдаг.
10 хувиас хэтрэхгүй гэдэг бол хамгийн дээд хэмжээ.
Хүүхдүүд маш хүнд цүнх үүрдэг. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн цүнх маш хүнд.
Бага ангийн хүүхдүүд цүнхэндээ өөрийн тоглодог тоглоомоо хүртэл хийчихсэн байдаг.
Энэ нь мэдээж хэрэг жин нэмж байгаа. Мөн тухайн хичээлийн дэвтрээ биш бүх дэвтрээ цүнхэндээ хийчихдэг. Тухайлбал, зургийн хичээл орохгүй өдөр будаг, харандаагаа авч явна. Үүнд эцэг эх, багш нар анхаарах хэрэгтэй л дээ. Зөвхөн орох хичээлийн дэвтрээ авч явбал тухайн хүүхдийн цүнхний жин хамаагүй буурна.
Дэвтрийн хэмжээ, жин цүнхэнд чухал нөлөөтэй учир аль болох бага хуудастай дэвтэр авч өгвөл сайн. 60 хуудастай таван ширхэг дэвтэр хийлээ гэхэд 300 гр болно шүү дээ.
Багш нар ч мөн хичээлийн хуваарийг сайн хэлж өгч, орох хичээлийн дэвтрээ авчраарай гэж өдөр бүр сануулж байх хэрэгтэй байгаа юм. Харин сургуулийн зүгээс хүүхэд бүрд өөрийн эд зүйлсээ хийх локертой болгох хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүдийн цүнх хөнгөрнө” гэв.
Д.Батчулуун