Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг наймдугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд, “Шинжилгээнд хамрагдсан 64 бөхөөс 63 нь ямар нэг допинг илрээгүй, нэг бөхөөс допинг илэрсэн. Одоогийн байдлаар бөхийн нэрийг зарлахгүй. Тухайн бөх нь тавын даваанд унасан учраас бөхчүүдийн цол, эрэмбийн дэс дараанд өөрчлөлт орохгүй. Хэдий цолны эрэмбэд өөрчлөлт орохгүй ч гэлээ хориотой бодис хэрэглэсэн тул тухайн үед нь хариуцлага тооцох талаар яригдана. Шинжилгээний хариуг биечлэн танилцуулаад Б сорьцын шинжилгээнд орох эсэхийг асууна. Хэрэв тамирчин өөрөө шинжилгээг хүлээн зөвшөөрч орохгүй гэвэл нэрийг зарлана" хэмээсэн.
Тэгвэл өчигдөр улсын харцага Ц.Бэгзсүрэн өөрийн сошиал хуудсаараа мэдэгдэл гаргаж, мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ.
Тэрбээр, "Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл (1)