Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах ээлжит хурлыг хуралдлаа. Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэргийг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэв.
Хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөд зайлшгүй шаардлагатай сэлбэг материалыг бүрэн ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварыг хийж байгаа боловч энэ нь тухайн ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна.
Эрчим хүчний нүүрс олборлогч /Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол/ уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэслэгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан мөнгөн урсгалын дутагдалд орж, зарим ажил зогсох нөхцөл үүсээд байгаа талаар хэлэлцлээ. Тухайн асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр болов.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,
- Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад хяналт тавьж, ашиглалтад оруулах;
- Бараа материалын захиалга, тээвэрлэлтээс шалтгаалсан үндсэн тоноглолын их засварын ажил удааширч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлж, шийдэл гаргаж ажиллах;
- Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлэх;