Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Их мастер С.Билгүүн үг хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Миний хувьд гурав дахь удаагийн олимпиадад оролцлоо. Зургаан жилийн өмнө багийнхаа хамгийн залуу тамирчин байсан. Одоо бол ахмад тамирчинд гэж нэрлэгдээд явж байна. Тэгэхээр шатрын спорт улам залуужиж байна. Мөн Монголын залуучууд ямар шилдэг болж буйг харуулж байгаа гэж бодож байна.
Энэ жил туршлагатай, залуу үеийн, эв нэгдэл сайтай тамирчид явсан учир аль аль талдаа амжилт үзүүллээ. Бэлтгэл дээр олон талаас ирсэн шатарчид бие биеийнхээ занг мэдчихээд, олимпиадад явсан нь амжилт гаргахад нөлөөлсөн.
Энэтхэг улсад болсон олимпиад олон жил дурсагдах олимпиадуудын нэг болсон.
Монголчууд шатарчин хүмүүс, айл бүрд шатар байдаг. Айл болгон шатар тоглодог гэдэг нь харагдаж байгаа. Мөн сошиалаар олон нийтэд хүрч байгаа нь энэ спортын цар хүрээ Монгол түмэнд болон дэлхийд ямар нэр хүндтэй спорт вэ гэдгийг харууллаа гэж бодож байна. Монгол түмэндээ болон, энэ спортын дэмжиж буй төр засагтаа баярлалаа гэж хэлмээр байна” гэв.
Д.Батчулуун