Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ буусан талаар мэдээлсэн. Тэрбээр "Дэлхийн зах зээлд газрын тосны түүхий эдийн үнэ буурсантай холбоотойгоор дизель түлш, АИ 95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай, хамгийн том худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор брэнд маркийн түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээлд сүүлийн нэг сарын хугацаанд уналттай байгаа юм. Өчигдрийн байдлаар нэг баррель нь 96 доллар болж буурсан байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл, дараа сард үнэ буурах хүлээлт байна" хэмээсэн.
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 19-нд танилцуулсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр АИ 95 шатахуун 4210 төгрөг, дизель түлш 4020 төгрөг байжээ. Тэгвэл өнөөдөр шатахуун түгээх станцууд үнээ буулгасан байна. Тодруулбал,
- "Сод Монгол" шатахуун түгээх станцад нэг литр АИ 95 шатахуун 3910 төгрөг, дизель түлш 3730 төгрөгөөр
- "М-Ойл" шатахуун түгээх станцад нэг литр АИ 95 шатахуун 3890 төгрөг, дизель түлш 3730 төгрөгөөр
- "Тэс Петролиум" шатахуун түгээх станцад нэг литр АИ 95 шатахуун 3910 төгрөг, дизель түлш 3730 төгрөгөөр
- "Super 92" шатахуун түгээх станцад нэг литр дизель түлш 3980 төгрөгөөр
Т.Мөнхжаргал