“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-т оролцож буй иргэд, аж ахуй нэгжүүдийн сэтгэгдлээс:
Монгол Улсын мастер тогооч Х.Монхор:
-Би 41 жил тогооч мэргэжлээр ажиллаж байна. Миний шавь нар өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож байгаа. Хоол бол хамгийн чухал зүйл. Ялангуяа зөв хооллолт. Хүн өдөрт хэдэн ч удаа хооллож болно. Гол нь шим тэжээлтэй, зөв хоолоо сонгож, шаардлагатай илчлэгээ авах нь чухал. Шавь нарынхаа асраар зочлон ямар хоолыг хэрхэн хийж байгааг амтлан, өөрийн зүгээс зөвлөгөө өгөөд явж байна.
Мастер тогооч Б.Баттулга:
-Бид уг арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Хоолны соёл сүүлийн жилүүдэд маш их хөгжиж байгаа. Бусад улс орны хоолны соёл ч ихээр нэвтэрч байна. Бид өнөөдөр Узбек үндэсний хоол болох пловоор иргэдэд үйлчилж байгаа. 500 литрийн багтаамжтай тогоонд 300 хүний порцоор хоолоо хийсэн. Иргэд ч маш ихээр сонирхон үйлчлүүлж байгаад баяртай байна. Сүүлийн үед ер нь төрийн байгууллагуудаас биднийг ихээр дэмжиж, энэ мэт арга хэмжээг зохион байгуулж буй нь тун таатай санагдаж байгаа.
“Намасте” Энэтхэг рестораны Борлуулалт, маркетингийн менежер Э.Гантөгс:
-“UB food festival” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Бид энэ арга хэмжээг анх зохион байгуулж ирсэн цагаас нь эхлэн оролцож байгаа. Цар тахлаас шалтгаалж хоёр жил тасалдсан ч энэ жилийн хувьд иргэд, жуулчид маш олноор сонирхон, үйлчлүүлж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас бидэнд маш их дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, асрын түрээс авахгүйгээр, сурталчилгаа, үзүүлэх тоглолт зэргийг зохион байгуулж байгаад нь маш их талархаж байна. Манай асраас тахианы махтай болон үхрийн махтай карри, бин, будаа зэргийг зах зээлийн хамгийн доод үнээр амтлан, энэтхэг хоолны соёлыг мэдрэх боломжтойг онцолъё.
“Uncage” төрийн бус байгууллагын залуус:
-“Uncage” бол залуусыг тогтвортой хөгжил, боловсролын төвөөр хангах зорилготой төрийн бус байгууллага. Бид энэ жил хотын зарим хананд граффити хийж байгаа. Уг ажилд шаардлагатай будаг, багаж хэрэгслийн зардлаа босгох зорилгоор тус арга хэмжээнд оролцож байна. Манай төрийн бус байгууллагын залуус өөрсдийн хийсэн амттан, гар урлалын бүтээгдэхүүн, стикерүүдийг борлуулж байгаа. Бид ер нь Нийслэлийн Аялал жуулчлалын газартай тогтмол хамтран ажилладаг. Өнөөдөр ч гэсэн тус байгууллагаас биднийг дэмжин, ямар нэг түрээс авахгүйгээр үйл ажиллагаагаа сурталчлах боломжийг олгож байгаад баяртай байна.
Өдөрлөгт оролцож буй иргэд ч тун сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид орон орны хоолны соёлыг сурталчлан таниулах энэ төрлийн арга хэмжээг илүү өргөн дэлгэр зохион байгуулж байхыг хүссэн юм.
Д.Сүхбаатарын талбайд 20:30 цаг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээнд иргэд, жуулчид та бүхэн өргөнөөр оролцож, монгол үндэсний болоод орон орны хоолны соёлтой танилцана уу.
Сэтгэгдэл (1)