Улаанбаатар хотын хаа нэгтээ таарах алга дарам ногоон зүлгийг зорьж очих иргэд хотод юу дутаж байгааг үйлдлээрээ харуулна. Тэд талбай дээр очиж ногоон зүлэг хэрэгтэй байна гэж хашхираагүй ч хотхон дунд байрлах зүлгийг хайж ирэх иргэдийн тоо үүнийг гэрчилжээ.
Наадмын өдрүүдэд шинээр зассан ногоон зүлэг иргэдэд үлдэж зуны орой салхилж суух талбайтай болсон. Тэд зүлгэн дээр суунгаа ном уншиж, хүүхдүүд тоглоно. Зарим нь дэвсэх гудсаа авч ирж хэвтсэн бол, зарим нь аяны сандлаа барьсаар ирсэн байлаа. Аз жаргалтай Улаанбаатар яг энэхэн агшинд биелэлээ олжээ.
Ингээд хүмүүсийн хүсэмжит ногоон талбайгаас иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
ХУД-ийн оршин суугч Г.Зол:
Өмнө нь энд зүлэг байдаггүй байсан. Төв цэнгэлдэхийн баруун талд хэсэгхэн ногоон зүлэг байдаг байсан ч хуучирч, халцарсаар сайхан төрхөө алдчихсан. Харин наадмын өмнөхөн энэ хэсгийг ногоон зүлгээр тохижуулсан байсан. Хотын өндөр барилга дунд хэсэгхэн ч гэсэн ийм ногоон талбай байгаа нь сайхан байна. Ядаж л модтойгоо ойр, хүүхдүүд аюулгүй тоглох талбайтай. Сүүлийн үеийн барилгууд ойрхон баригдах болж ногоон байгууламж байтугай тоглоомын талбай ч байхгүй болчихсон.
Орой хүүхдүүдтэйгээ гарч ирээд суух ногоон талбайтай болсон нь гоё байна. Манай гэрийн ойр хавьд ийм ногоон талбай байдаггүй болохоор машинтайгаа ирээд энд хэсэг сууж байгаад явдаг. Хүүхдүүд тоглоод, би номоо уншаад суухад тохиромжтой. Хүмүүс ч их ирдэг болсон байна. Харин хүмүүс их болохын зэрэгцээ хүүхдүүд зүлэг таслаад байгаа харагдсан, бас хогийн сав нь дүүрчихсэн. Тиймээс хэсэг ч гэсэн ногоон байгууламжаа хайрлаад хүүхдүүддээ зүлэг тасалж болохгүй гэдгийг зааж өгөөсэй гэж бодсон. Энэ бол ухамсрын л асуудал. Цаашдаа олон газар ийм ногоон байгууламжтай болбол сайхан байна.
ХУД-ийн оршин суугч Б.Гансүх:
Хүүхдүүдээ салхилуулах зорилгоор гэр бүлээрээ энд ирсэн. Манайх эндээс зайтай амьдардаг. Энэ хавийн тохижилт, ногоон байгууламж нь таалагдсан болохоор хүүхдүүдээ аваад машинтайгаа ирсэн. Сүүлийн үед хаа нэг ногоон талбай харагдах болсон. Саяхан циркийн ард нэг талбай тохижуулсан байсан.
Улаанбаатарт ногоон байгууламж хэрэгтэй байгааг энд ирсэн хүмүүсийн цугларалт харуулж байна. Манайх гурван хүүхэдтэй, бага маань мөлхөж сурч байгаа. Хүүхдээ мөлхүүлэх газар олдохгүй л байна.
Туул голын эрэг дээр очихоор тохижилт байхгүй, орчин нь тухтай биш. Тийм болохоор энд ирж хүүхдээ мөлхүүлж, тоглуулах боломжтой, байгалиараа байгаа нь таалагдаж байна. Энд бас хүүхдийн элсний талбай харагдаж байсан. Иргэн хүний хувьд ийм газар илүү олон, хотын хүн амд хүрэлцэхүйц ногоон талбайтай болоосой гэж хүсч байна.
Т.Мөнхжаргал