Монголын хөлбөмбөгийн дээд лигийн хоёр удаагийн аварга “Атлетик 220” клуб энэ улирлаас эхлэн дээд лигт тоглох боломжгүй болсноо мэдэгдлээ.
Тэд сүүлийн жилүүдэд эдийн засгийн асуудалтай тулгарч цаашдаа үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул ийм шийдвэр гаргаж байгаагаа тайлбарлажээ. Мөн тус клуб удахгүй эргэн ирэхээ мэдэгдсэн байна.
Уг мэдэгдэлд, Атлетик 220 клуб маань байгуулагдсан цагаасаа хойш нийт 6 жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн хөгжилд шинэ салхи, шинэ өнгө аяс, хэв маягийг нэвтрүүлэлцэж, хүрхрээ 1-р лигийн аварга, футзалын УАШТ-ий хоёр удаагийн аварга, дээд лигийн хошой аварга болон лигийн цомын аварга гэсэн алдрыг хүртэж Азийн хөлбөмбөгийн холбооны нэр хүндтэй тэмцээн болох AFC CUP тэмцээний хэсгийн шатнаас өрсөлдөж, клубийн төвшинд олон улсын анхны гоолоо бүртгүүлж амжсан томоохон амжилтын эзэд болжээ. Монголын хөлбөмбөгийн түүхийн нэгэн том багана болсон энэхүү амжилтыг бүтээхэд манай клубийг чин сэтгэлээсээ дэмжсэн үнэнч фанатууд, спонсорууд, дасгалжуулагчид, тамирчид, эмч нар, арын албаныхан, ах дүү найз нөхөд болон Атлетик 220 хэмээх нэрийн дор бахархалтайгаар алхсан, алхаж буй олон хүний оюун бодол, хөлс хүч, хөдөлмөр шингэсэн юм.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжил сул улсын клубууд гэлтгүй, хөгжлийн төвшин өндөр улсуудын багууд хүртэл санхүүгийн ямар нэгэн асуудалтай тулгарсан нь нууц биш. Дээрхи шалтгааны улмаас энэ улирлаас эхлэн Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Манай клубийг харамгүй сэтгэлээр дэмжсэн ивээн тэтгэгчид, түншүүд, дусал хөлс бүрээ багийнхаа төлөө зориулсан тамирчид болон үнэнч фанатууддаа баярлалаа.
Эцэст нь хэлэхэд энэ төгсгөл биш бөгөөд хэсэг хугацааны дараа бид илүү хүчтэйгээр эргэн ирэх болно. Athletic 220 F.C” хэмээжээ.
Т.Мөнхжаргал