Бүгд найрамдах Польш улсад зохион байгуулагдаж буй Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцсон билээ. Тухайлбал, уг тэмцээний "Уран нислэгийн F2B" ангилалд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, 16 настай Н.Номин мөнгөн медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа мандууллаа. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Нисэх тамирчин Н.Номин "2018 оноос хойш Төв аймгийн Залуу зохион бүтээгч төвд суралцаж эхэлсэн. Энэхүү тэмцээний шалгаруулалт 2022 оны тавдугаар сард болсон. Энэ тэмцээнд амжилттай оролцоод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урилгыг хүлээн авсан. Урилга авсан үеэс эхлэн бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэмцээнд маш амжилттай оролцлоо.
Тэргүүн байр эзэлсэн Италийн тамирчин маш сайн, мундаг нисгэгч байсан. Маш ширүүн өрсөлдөөн болсон.
Шагналын тавцан дээр гараад, төрийн далбаагаа Польшийн тэнгэрт мандуулна гэж бодоогүй. Энэхүү амжилтыг гаргасандаа маш их баяртай байна" гэв.
Дасгалжуулагч багш Ж.Баярбат "Анх удаа дэлхийд эмэгтэй тамирчдын дунд тэмцээн зохион байгууллаа. Энэ тэмцээнд 30 гаруй орны 190 гаруй тамирчин оролцлоо. Урд нь нисэх загварын F2B төрөлд эрэгтэй тамирчид оролцдог байсан. Дэлхийн агаарын спортын шинэчлэгдсэн дүрмийн дагуу багт нэг эмэгтэй тамирчин оролцдог болсон.
Багт эмэгтэй тамирчин орж ирснээр энэ удаагийн тэмцээн их онцлог боллоо. Энэ жил бид бүтэн багтай оролцож, Уран нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд маш өндөр амжилт үзүүллээ.
Нисэх загварын F2B төрөлд Н.Номин маань Монгол улсын анхны медалийг хүртлээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)