Соёлын яамнаас зохион байгуулсан “Нүүдэлчин” фестивальд Говь-Алтай аймгаас бусад 20 аймгийн өв тээгчид оролцож гурван өдөр өөрсдийн өв соёлоо сурталчилсан. Энэ фестивальд оролцоогүй ганц аймаг болох Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай утсаар холбогдон яагаад тус фестивальд оролцоогүй талаар тодрууллаа.
-“Нүүдэлчин” фестивальд Говь-Алтай аймгийнхан оролцсонгүй. Ямар шалтгаанаар оролцоогүй вэ?
-Нэгдүгээрт энэ фестивальд оролцох өв тээгчид бусад аймгаас ялгарах ёстой. Түүнээс биш бусад аймгийнхантай адилхан зүйл үзүүлэхийн тулд хот руу зардал гаргаад явах нь утгагүй. Соёлын газрынхнаасаа ямар үзүүлбэр, ямар өв тээгчидтэйгээр оролцох гэж байгааг нь асуусан, харсан. Гэтэл бусдаас ялгарах зүйлгүй,
Говь-Алтайн гэсэн гоцлоод үзүүлэх зүйлгүй байсан. Тэгсэн атлаа зардал нь 60 сая төгрөг гарахаар төлөвлөсөн байсан. Тэгээд ийм ялгарах зүйлгүй кампаничласан зүйлд оролцохын тулд 60 сая төгрөг төсвийн мөнгөнөөс гаргах шаардлагагүй гэж үзээд манай аймаг оролцоогүй.
Төсвийн мөнгийг хайрлах хэрэгтэй шүү дээ. Бусад өв тээгчдээс ялгарахгүй бол оролцсон нэр зүүж төсвийн мөнгө үрж яах юм. Бүгд ижилхэн зүйл үзүүлэхийн тулд цугладаг тийм юманд мөнгө үрэх ёсгүй. Аймаг бүрийн онцлог байх ёстой.
Харин ялгарч чадахгүй бол оролцох хэрэггүй л гэж үзсэн. Ер нь энэ социализм мэт кампаничласан юм зохион байгуулах хэрэггүй шүү дээ. Эхлээд орон нутагт нь шалгаруулаад аймаг бүрээс онцлог, давтагдахгүй өв соёлыг нь харин хот руу фестивальд оролцуулбал харин зөв болно.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (3)