ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн бичигт боомт хүртэл нийт 2279 км замыг унадаг дугуйгаар тав хоногт туулж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ. Тэрбээр нийт дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байна.
Алдарт тамирчин Гийду Кунзе Монгол Улсад хийсэн аяллаа ийнхүү өчигдөр дуусгаж, өнөөдөр эх орон руугаа буцна. Түүний Монгол Улсад хийсэн энэхүү аяллын зорилго нь зөвхөн спортын амжилт гаргахаас гадна манай улсын түүхэн ёс заншил, соёл уламжлал, ард иргэдийн амьдралын онцлог зэрэгтэй танилцаж, Монгол Улсыг дэлхийд дугуйн спортоор дамжуулан сурталчлах юм. Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний энэхүү их хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит хүндэт "ӨРГӨМЖЛӨЛ"-ИЙГ ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.
Бүтэн нэг жилийн хугацаанд төлөвлөгдөж, амжилттай зохион байгуулагдсан энэхүү төслийн хүрээнд цугласан хандив болох 16 сая төгрөгийг “Мишээл хүүхдийн сан”-д хандивлаж, өчигдөр тус сангийн төлөөлөлд алдарт дугуйчин Гийду Кунзе өөрийн биеэр гардуулан өгчээ.
Сэтгэгдэл (1)