“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж буй ажээ. “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболдын найруулгаар тун удахгүй хүрэх нь ээ.
“Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр. АНУ-ын “The Barn” театрын тайзнаа тоглогдож байна. Энэхүү зохиолоор бүтсэн кино хүртэл байдгийг дуулгая.
Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл, 28 утга зохиолын бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal” ажээ.
Тэрээр 1954 онд Утга Зохиолын дээд шагнал болох Пүлитцер шагналыг хүртэж байсан бөгөөд түүний бичсэн зохиолоос сэдэвлэж хийсэн кино Оскарын шилдэг бүтээлд нэр дэвшсэн удаатай.