Сүүлийн үед интернэтийн хайлтыг тэргүүлж, тренд болж буй Hailey Bieber-ийн “Glazed donut” хумсны будалтын талаар сонссон уу? Тэгвэл энэ будалтыг хийсэн артист Монгол бүсгүй Г.Золзаяатай ярилцлаа. Тэрбээр СЭЗИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, “Капитал банк”-нд ажиллаж байгаад АНУ-ын Лос Анжелес хотыг зориод зургаан жил болжээ. Эзэмшсэн мэргэжлээсээ илүү хүүхэд байхын сонирхол, мөрөөдлөө дагаж хумс, гоо заслын артист болсон тэрбээр дэлхийн алдарнуудын хумсыг урлаж байна.
-Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд дэлхийд нэрээ дуудуулж, амжилттай ажиллаж байгаад нь баяр хүргэе. Таны тухай гадаадын загварын сэтгүүл, сайтууд онцолж байна. Юун түрүүнд сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байцгаана уу. Баярлалаа. Сүүлд Hailey Bieber-т хийсэн хумс маань олон хүнд хүрч, тренд загвар болсон байсан. Тэр ч утгаараа алдартай загварын сайтууд энэ будалтын талаар болон миний тухай онцлох болсон. Юун түрүүнд баяртай байна. Сүүлд Vogue загварын сэтгүүлд өгсөн ярилцлага маань маш олон хүнд хүрсэн байсан. Одоогоор будалтууд маань тик ток болон цахим орчинд хамгийн их тренд болж байгаа.
-Hailey Bieber-т хийсэн будалт тренд болж байна. Яагаад энэ будалтыг хийх болов? Будалтынхаа талаар бидэнтэй бяцхан түүх хуваалцаач?
-Тэгэлгүй яах вэ. 2022 оны “Met Gala” наадамд Hailey Bieber цагаан өнгийн даашинз өмсөхөөр болсон юм. Бидний анх төлөвлөж байсан будалт маань өөр байсан хэдий ч яг тухайн үед будалтаа өөрчилсөн. Түүнээс арай өмнө би сувдан цагаан өнгийн будаг авчихсан байсан юм. Үүнийгээ Hailey-д хэлэхэд тэр ч зөвшөөрч хоёулаа шинэ будалт туршиж үзэхээр болсон. Ингээд хоорондоо ярилцаж байгаад “Glazed donut” будалт маань гарч ирсэн түүхтэй. Харин нэрийн хувьд бид өгөөгүй, хүмүүс энэ нэрийг өгсөн. Анх зүгээр л хоорондоо ярилцаж байгаад, ийм байвал гоё ч юм уу гээд будсан маань нэг л мэдэхэд тренд болчихсон байсан.
-“Glazed donut” нэрээсээ эхлээд өвөрмөц юм.
-Энэ нэр нь өөрөө их түүхтэй. Саяхан Hailey Bieber маань өөрийн арьс арчилгааны “Rhode” нэртэй брэндээ танилцуулсан. Брэндийн нээлт “Met Gala”-ийн дараахан болсон учраас өмнөх хумсны будалттайгаа байсан юм. Шинэ бренд бүтээгдэхүүний сурталчилгаа болгож гялалзсан, гэрэлтсэн арьсыг илтгэж “Glazed donut” хэмээн нэрийдсэн. Гэтэл тэр хумсны будалт энэ нэртэй үнэхээр гайхалтай зохицсон. Хүмүүс “Met Gala”-аас биш “Rhode” брэндийн танилцуулгаас энэ хумсны будалтыг илүү онцолсон.
-Интернэт орчинд “glazed donut” гэсэн хайлт хийхэд тренд будалтын талаар маш олон илэрц гарч ирж байсан. Үүнээс гадна алдартай загварын сэтгүүлүүд ч үүний онцолж байна. Энэ таны амьдралд хэр нөлөөлж байна вэ?
-Нөлөөлсөн. Саяхан нэг зураг авалтын талбай дээр очиход модель охидууд надтай мэндлээд “хөөх, чи үнэхээр Зола гэж үү, бид чамтай уулзсандаа баяртай байна. Чиний будалт маш их таалагдсан” гэж хэлсэн. Энэ мэтчилэн хүмүүс энэ будалтаар маань дамжуулж илүү мэддэг болсон байсан.
-Таныг дэлхийн алдартнуудын хумсыг урладаг артист гэдгийг уншигчдадаа хэлэх нь зүйтэй байх. Байнгын үйлчлүүлэгчдээсээ нэрлэвэл?
-Өмнөх ажиллаж байсан салонд маань дэлхийн алдартнууд ихээр үйлчлүүлдэг байсан юм. Харин салоноосоо гарч агентаар дамжуулж хувиараа ажиллаж эхэлсэн. Миний байнгын үйлчлүүлэгчид гэвэл олон бий. Хүмүүсийн сайн мэддэгээс нь эхлээд нэрлэвэл, Hailey Bieber, Kendall Jenner, Vanessa Hudgens, Christina Aguilera, Sabrina Carpenter, Sydney Sweeney гэх мэт.
-Энэ салбарт ажиллахад хүндрэл, бэрхшээл тулгарч байна уу. Ялангуяа Ази хүн гэдэг утгаар нь?
-Надад тийм ялгаварлан гадуурхалт огт тохиолдож байгаагүй. Нэг бодлын их азтай. Миний амьдарч байгаа Лос Анжелес хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс амьдардаг болохоор ямар нэг үндэстэн, арьс өнгөний гадуурхалт байдаггүй. Харин ч үйлчлүүлэх дуртай байдаг шүү. Энд ихэвчлэн Ази хүмүүс хумс, гоо заслын салбарт ажилладаг.
-Таны хувьд яагаад эзэвшсэн мэргэжлээсээ илүү энэ салбарыг сонгох болов?
-Миний хүүхэд нас Дарханд өнгөрсөн. Дунд сургуулийн хүүхэд байхдаа л хумсаа янз бүрээр гоёх дуртай байсан маань нөлөөлсөн болов уу гэж боддог. Тухайн үед хумсаа арчлаад л янз бүрээр будаж гоё болгоод л явдаг байсан. Сүүлд нь бодохнээ эндхийн хүмүүс яг л миний бага насандаа байсан шиг хумсаа гоёж, арчлах дуртай юм билээ. Анх Лос Анжелест ирэхэд найз маань намайг хумс будаж сурахыг санал болгосон юм. Ингэж л анх сурсан.
-Энэ салбар хэр эрэлттэй, өрсөлдөөнтэй вэ?
-Маш их эрэлттэй, түүнийгээ дагаад өрсөлдөөнтэй салбар. Учир нь эндхийн хүмүүс хумс, гоо заслыг яг л арьс шигээ үздэг учраас их анхаарал тавьж арчилдаг. Арьсаа арчилдагтай адил хэмжээнд хумсандаа анхаардаг гэсэн үг. Тийм ч учраас гудамж, талбайд хумсны салон олон бий, булан тохой бүрд байдаг.
-Нууц биш бол дэлхийн алдартнууд хумсандаа хэр их мөнгө зарцуулдаг талаар сонирхож болох уу?
-Би энэ ажлыг мөнгө олох боломжтой салбар гэж хэлж чадна. Гэхдээ алдартнуудтай нууцлалын гэрээ байгуулдаг учир тэр талаар ярьж болохгүй гэж заасан байдаг.
-Таны хувийн амьдрал руу хэсэг өнгийвөл, нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг талаараа хуваалцаач?
-Бололгүй яах вэ. Ихэвчлэн өдөр бүр цагийн хуваарь маань дүүрэн байдаг. Нэг зураг авалтаас нөгөө рүү, хаана ч хамаагүй дуудна. Нэг удаа намайг элсэн цөлд зураг авалтад дуудаж байсан юм. Тийм байсан ч хамаагүй байгаа нөхцөлдөө тааруулаад л ажлаа хийнэ. Ер нь их завгүй ажилладаг, шөнийн хоёр цагт ч хамаагүй, маш давчуу, богино хугацаанд хүртэл ажиллах шаардлага тулгардаг. Тэр бүх ажлыг маань агентын менежер маань зохицуулаад өгдөг учраас хэцүү санагддаггүй.
-Хамгийн хурдандаа хэдэн минутад будаж дуусгаж байсан бэ?
-15 минутад хумс хийгээд будаж байсан юм байна. Дуучин Christina Aguilera миний чадварыг шалгадаг үйлчлүүлэгчдийн нэг. Цаг тулсан, давчуу үед ихэвчлэн хумс будах хэрэгтэй болдог. Тоглолтоосоо 15 минутын өмнө намайг дуудаад миний хумсыг гоё болгоорой гэсэн. Тоглолт 15 минутын дараа эхлэх байсан болохоор амжуулахаас өөр ямар ч аргагүй. Тэр будалтаа 12-13 минутад дуусгаж байсан юм байна.
-Хэзээ Монголдоо ирнэ гэж бодож байна вэ? Эргээд Монголдоо ажиллаж, амьдар бодол бий юу?
-Мэдээж Монголдоо эргэж очино. Аав, ээж, гэр бүлийнхэндээ ирэх зунаас очно гэж төлөвлөж байна. Энэ жилдээ арай амжихгүйнэ. Харин бүүр очино гэсэн бодол алга. Эндээ ажил, амьдралаа төлөвлөөд нэгэнт суурьшчихсан болохоор энэ салбартаа карьераа хөгжүүлнэ гэж бодож байна.
-Энэ хүртэл ярилцсанд баярлалаа.
Т.Мөнхжаргал