Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын долоо дахь өрөг наймдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн.
Манай улсын эмэгтэй баг долоо дахь тавилд Кубын шигшээ багийг 3,5-0,5 оноогоор хожиж, ээлжит ялалтаа авлаа. Энэ удаа их мастер А.Энхтуул, олон улсын мастер Т.Мөнхзул, дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул нар хожил авч,олон улсын мастер Б.Баярмаа хайнцжээ.
Харин эрэгтэй багийн хувьд Хорватын шигшээд 1:3 -аар хожигдлоо. Их мастер Б.Гүндаваа хожил авч, их мастер Д.Батсүрэн, олон улсын мастер Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдлоо.
Найман өргийн дараахь байдлаар манай эмэгтэй баг "А" категорид 8-р байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, гуравдугаар ширээнд эмэгиэй ОУМ Т.Мөнхзул 10-р байрт, дөрөвдүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул наймдугаарт тус тус бичигдэж байна.
Өнөөдөр буюу наймдугаар сарын зургаанд Монголын эмэгтэй баг маань алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай "оюун ухааны дайн" хийнэ. Дашрамд сонирхуулахад Унгарын эгч дүү гурвын хамгийн цуутай нь болох, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчны нэг Юдит Полгар энэ удаагийн шатрын олимпод тайлбарлагчаар ажиллаж байгаа билээ.
Манай эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр гуравдугаар ширээнд 18-т бичигдлээ.Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай нүүнэ.