КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийв.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал "Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 22.7 хувь нь 0-18 насны хүүхдүүдэд илэрчээ. Тодруулбал, коронавируст халдварын тохиолдол 5-11 насны хүүхдүүдэд 37-40 орчим хувьтай байна. Тиймээс ч халдвараас хамгаалах дараагийн зорилтот бүлэг нь энэ насныхан гэсэн үг.
Эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж, урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтыг хийж байгаа. Вакцинжуулалтын талаарх мэдээллийг бид эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч ажилчдадаа хүргэсэн.
Түүнчлэн эцэг эхчүүдэд НЭМҮТ болон ХӨСҮТ-өөр дамжуулан мэдээллийг хүргэж байна. Эргэлзээтэй ямар асуулт байна тэр болгонд хариулт өгөхөөр ажиллаж байна. Энэхүү асуулт, хариултыг нээлттэй зохион байгуулах юм. Иргэдийн зүгээс НЭМҮТ-ийн 119 утсаар дархлаажуулалттай холбоотой мэдээллийг бүрэн авах боломжтой" гэв.
Мөн "2021 оны аравдугаар сард хүүхдэд вакцин хийх зөвлөмж олон улсад гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан улс орнуудад хүүхдийг дархлаажуулах ажлыг хийж байна.
Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд ордог. Энэ бүсэд 37 улс орон байдгаас 20 нь 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулжээ. Дээрээс нь АНУ нь 17 сая гаруй хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин тарьсан байна" гэж хэллээ.