Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жил бүр зохион байгуулдаг Даншиг наадам ирэх амралтын өдрүүдэд болно. Коронавирусийн улмаас манай улсад аялал жуулчлалын компаниуд маш хүнд нөхцөлд орсон. Үүнтэй холбоотойгоор тэдний үйл ажиллагааг дэмжихэд Даншиг наадам маш чухал ач холбогдолтой. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон.
Баяр наадмын үйл ажиллагааны талаар иргэдээс цөөнгүй шүүмжлэл ирсэн. Үүнтэй холбоотойгоор бид аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий таван компаниас санал асуулга, судалгаа авсан. Судалгаанаас үзэхэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн тооцоо байна. Тодруулбал, манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2,500 долларыг зарцуулдаг гэсэн тооцоолол байдаг. Тиймээс ч аялал жуулчлалын байгууллагууд хүнд нөхцөлд орсон энэ үед чухал ач холбогдолтой гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун