Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын заан цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Завхан аймгийн Яруу сумын уугуул Улсын заан М.Лхагвагэрэлийг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Яргуу сумын уугуул Мөнхтөрийн Лхагвагэрэл зургаа давж, Улсын заан цол хүртсэн билээ. Тэрбээр 1998 оны нэгдүгээр сарын 4-нд Завхан аймгийн Яруу суманд төрж өсжээ.
Сумын заан 2015 онд хүртэж байв. Мөн 2016 онд сумын заан цолоо баталсан юм. 2017 онд Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан П.Өсөхбаатарт өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртэж байв. Дараа жил нь Завхан аймгийн баяр наадамд аймгийн өлзийт начин М.Амарсанаад өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо баталж, чимэг нэмсэн.
Мөн тэрбээр цэргийн арслан хурц арслан цолтой. Бүх цэргийн наадамд 2021, 2022 онуудад түрүүлж цэргийн арслан /Цэргийн хурц арслан/ цол хүртсэн билээ.
М.Лхагвагэрэл нь "Даян" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Жем Интернэйшнл" ХК, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн харьяат бөх юм.
Тэрбээр чөлөөт бөхийн тамирчин бөгөөд түүний чөлөөт бөхийн амжилтаас дурдвал: 2021 оны дөрөвдүгээр сард Казакстан улсын Алматы хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан. Улмаар мөн оны наймдугаар сард Япон улсад болсон зуны олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөхийн 125 кг-ын жинд амжилттай барилдаж тавдугаар байр, Завхан аймгийн баяр наадамд шөвгөрсөн. Мөн өнгөрсөн оны 10-р сард Норвеги улсын Осло хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ын жинд барилдаж Монгол Улсын хүнд жингийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын заан цол хүртжээ.
- Нэгийн даваанд Сумын заан Х.Ерэнбаатар /Говь-Алтай аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн харцага Т.Төгсдөлгөөн /Өмнөговь аймаг/
- Гурвын даваанд Улсын харцага Ш.Уламбаяр /Завхан аймаг/
- Дөрвийн даваанд Аймгийн арслан У.Береке /Баян-Өлгий аймаг/
- Тавын даваанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд /Завхан аймаг/
- Зургаагийн даваанд Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан аймаг/
- Долоогийн даваанд Улсын харцага Б.Зоригтбаатар /Архангай аймаг/
Сэтгэгдэл (5)