"Даяар Монгол хөдөлгөөн”-өөс талбай дээр тайван суулт зарлаж байгаа талаараа мэдээлж байна. Энэ үеэр “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д. Гансүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Олон зээлдэгчтэй банкны хэргүүд юу болж байгаа нь мэдэгдэхгүй, сарнин алга болдог. Түмэн олны татвараар үйлдсэн, улс орныг хөгжүүлэх зорилготой хөтөлбөрүүдээс хумслах үзэгдлүүд оршин тогтносоор байна. Төр болон төрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй банкнуудад ард түмэн тэсгэл алдарт байна. Гадаад орон дайн байлдаантай энэ цаг үед бид дотоодын асуудлуудаа нэн яаралтай шийдэх ёстой. Дотооддоо харь орны өмөөрсөн олон үйл ажиллагаа явахыг тэсвэртэйгээр харж ирсэн. Хамгийн сүүлийн асуудал гэвэл хөгжлийн банкны асуудал байна. Хөгжлийн банк руу хандсан дотоод хулгайгаа нэн яаралтай цэгцэл. Монголын ард түмний татвараар бүтсэн, Монгол улсыг хөгжүүлэх гэсэн төсөл хөтөлбөрүүдээс худлаа ярьж, хулгай хийсэн нөхдүүдийн өрийг төлүүлэх хэрэгтэй. Гадаадын өр яригдаж байгаа энэ үед дотоодын өрөө шийдээсэй хэмээн энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Мөн бид шаардлага хүргүүлж байна. 51 хөдөлгөөнөөс талбай дээр зөвхөн Даяар Монгол хөдөлгөөний гишүүд гарч байгаа. Хөгжлийн банкны асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй бол 51 хөдөлгөөнүүд Даяар Монголд хөдөлгөөнөө дэмжиж талбай дээр гарахаа мэдэгдэж байна” гэв.
УИХ, Засгийн газар, АТГ-д хүргүүлж буй уг шаардлагад “Сахилгын үндэсний хөдөлгөөнд нэгдсэн нийгмийн байгууллагуудын нэрийн өмнөөс улс орны олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар байнга үзэл бодлоо илэрхийлж, зохих байгууллагуудад анхааруулж, зарим этгээдүүдтэй шууд тулж, тэмцэж ирснийг цаг хугацаа гэрчлэх ба та бүхэн ч андахгүй байх. Шийдвэрлэвэл зохих олон асуудал дундаас Хөгжлийн банкны асуудлыг бид онцоллоо. Олон улс төрчид, төрийн түшээдүүд энэхүү асуудалд холбогдож байгаа нь шударга ёсыг хүссэн олны анхааралд байсаар байхад хугацаа алдан сунжирч байгаад бид бухимдан эсэргүйцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 2.14.1-д зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй хэмээн заасаар байтал олон тэрбумын асудалд холбогдсон өндөр албан тушаалтнуудын хэргийг хэт зөөлөн үзэж, сул чөлөөтэй явуулж, ул мөрөө баллах, үгсэн хуувилдах боломжийг олгож байна. Дэлхийн хямрал нүүрлэж байгаа өнөө үед энэ хэргийг шуурхай шийдвэрлэж улс орноо хямралаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Хуулийн байгууллагууд хуулийн дагуу зоримог шийдвэр гаргахыг шаардаж байна. Цаг алдаж, алгуурласан байдал үргэлжилбэл бид тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох бөгөөд тус шаардлагын хариуг долоо хоногийн дотор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөхийг сануулж байна” гэжээ.
Д.Батчулуун