Тэр сайн бөх байлаа. Мөн Монгол түмний хайртай хүү, Хөвсгөл аймгийнхаа бахархал байв. Ер нь л Монгол Улсын үлэмж бадрах арслан Ц.Содномдорж 2019 оны наадам хүртэл улсын наадамд түрүүлэх хэмжээнд яригддаг бөх байлаа. Тэрбээр улсын наадамд найман удаа шөвгөрч нэг удаа түрүүлж, нэг удаа найм давсан хүчит арслангуудын нэг. 1986 оны бар жилд төрсөн өдгөө 36 настай Ц.Содномдоржийн хувьд 2006 онд Хөвсгөл аймгийн наадамдаа түрүүлж аймгийн арслан цол хүртэж, дараа жил нь дахин түрүүлж хурц чимэг нэмж байв.
Харин 2009 он бол түүний хувьд, түүнийг дэмждэг хүмүүсийн хувьд аз, одтой сайхан жил болж хурц арслан Ц.Содномдорж улсын цолтон болсон юм. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунан барилдаж, улсын цолтон болж байх үеийн тэр Ц.Содномдоржийн уран сайхан барилдаантайг яана. Ийм сайхан идэр начин 2011 онд улсын заан Б.Батмөнхөөр зургаа даван улсын харцага цол хүртсэн. 2015, 2016 онуудад хоёр удаа зургаа даван харцага цолоо батласан. 2016 оны цагаан сарын барилдаанд улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан. “Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй” гэдэг сайхан дуу эгээ л Ц.Содномдоржид зориулагдсан мэт байв аа, тэр үед.
Хөвсгөлийн эр бор харцага Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж улсын арслан цолтон болоход монгол түмэн уухайлан бахархаж, баярлаж байлаа. 2019 оны улсын их баяр наадамд их шөвөгт шалгаран улсын арслан Э.Оюунболдод тахим буулгасан ч Э.Оюунболдоос допинг илэрсэн учир наадмын дараа түүний давсанд тооцож үлэмж бадрах чимэг нөхөн олгосон. Ид ирэн дээрээ барилдаж байгаа түүний хувьд сэргээштэй бөхөд өвдөг шороодсон нь дэндүү харамсалтай явдал байлаа. Монгол бөхийг шимтэн үздэг үзэгчдийн хувьд ч тэр жил Ц.Содномдорж арслан сэргээштэй бөхөд тахим буулгаагүй бол түрүүлэх хэмжээнд байсан хэмээн харамсан халаглан, өмөлзөн өмөөрөн ярьдаг. Ц.Содномдорж арслан ийм л хүндэтгэл хүлээсэн нэгэн байлаа.
Гэвч өнөөдөр тэрбээр хойморь нутгийнхаа баяр наадмын бөхийн барилдааныг будилаантуулсан эзнээр нэрлэгдээд байна. “Нэг бол ч яахав засаад авахсан, гэтэл гурвын гурван гахайтай” гэдэг шиг л Ц.Содномдорж арслангийн аймгийнхаа наадмын бөхийг будилаантуулсан, маргаан дэгдээсэн нь ганц биш. Сүүлийн хоёр ч удаагийн Хөвсгөлийн наадмын бөхийн барилдаан хэрүүл тэмцэлтэйгээр өндөрлөж байгаагийн хэргийн эзэн нь мөнөөх л Ц.Содномдорж болчихоод байна.
Өмнөх аймгийн наадамд улсын цолтон бөх болон өөр аймгийн бөхчүүд оролцуулахгүй гэсэн Засаг даргын шийдвэртэй барилдаанд барилдах гэж очин хэл ам дагуулж байсан нь саяхан. Тэгвэл өнөө жилийн аймгийн цол олгох наадмын мөн л будлиулж өөрийн эгчийн дүүг дагуулж ирэн аймгийн заан цолтон болгожээ. Ингэж болгохдоо аль муу бүхнийг хийснийг нутгийн ардууд хэлж түүнийг талбайгаас хөөжээ.
Тэрбээр аймгийн цол олгох барилдааны бүртгэлд өөр аймагт барилдаж байгаа улсын заан Б.Соронзонболдыг бүртгүүлж, гурвын даваанд учраа таарсан хоёр бөхийг хасуулсан байна. Учир нь тэр хоёр бөхийг хасахгүй л бол өөрөө дөрвийн давааны оноолтоор өөрийн дагуулж ирсэн залуу бөх Б.Адьяасүрэнтэй таарах байсныг ийнхүү зөрүүлж өөрөө гоц мөргөжээ. Уг залууг түрүүлүүлэх зорилготой байсан ч түүний багш улсын харцага Г.Элбэг “бие тааруу байгаа учир хүүгээ аймгийн арслан болгомоор байна” гэсэн учраас энэхүү үйл явдал зургийн дагуу аймгийн арслан, заан цолтнууд төржээ. Энэ үйл явдлыг наадам чинь олон аймгийн наадамд эхлэхэд л мэдэж байсан гэсэн постууд бөхийн группуудад олон байгаа аж.
Энэ жилийн улсын баяр наадмын долоогийн даваанд арслан Ц.Содномдорж улсын шинэхэн арслан Б.Орхонбаярыг амлан авч тахим буулган духан дээр нь үнсээд явуулсан. Энэ үйл явдлаа уяачдын наадмаар, “Дүүгээ дэмжсэн, юм залуу хүнд олон түрүү байгаа байх хэмээн тайлбарласан байдаг”.
Энэ үйлд явдлыг бөхдөө хайртай Монгол түмэн баярлан хүлээн авч арсланг жудаг төгөлдөр хэмээн магтаж байсан.
Гэтэл энэ нь хэтийдэж аймгийн цол олгох наадмын их шөвөгт эгчийнхээ хүү, залуу бөх Б.Адьяасүрэнтэй барилдалгүй духан дээр нь үнсэн тахим өгсөн. Үлэмж бадрах арслан маань ингээд “Үнсдэг Содном” хочийг өөртөө наасан.
Энэ хоёр үйл явдлыг их өөгшүүлбэл зүгээр л ид барилдах насан дээрээ дэмжиж байгаа нэрийдлээр эсвэл илүү танил талтай нь хэн хүний хүсээд авч чаддагүй цолыг давалгүй авдаг жишиг тогтох нь. Хөвсгөл аймгийн цол олгох наадамд сумын цолтой 40 гаруй бөх барилдаж чадаагүй. Учир нь бөхийн тоо бүртсэн нэрээр Улсын арслан Ц.Содномдорж хасуулсан гэнэ.
Энэ оны тавдугаар сард арслан Ц.Содномдорж, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай нар Сингапур улсад казино тоглон, хулгай хийсэн хэргээр баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Toim.mn” сайтад тайлбар хийхдээ тийм зүйл болоогүй би эмчилгээнд явсан миний зүрх муу гэх шалтгаанаар би эмчилгээ хийлгэсэн намайг эмч ер нь спортоор хичээлэх боль гэсэн би 100 жилийн тойм ой болж байгаа барилдах хэрэгтэй гээд эмчилгээгээ хийлгэсэн. Энэ том ойдоо бэлтгэлээ аажим аажмаар хийгээд хичээж барилдана гэж байв. Улсын их баяр наадамд тэр үнэхээр хичээж сайхан барилдсан шөвгөрсөн. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаар мөн тайлбар хийсэн. Энэ тайлбартаа мөн л би Хөвсгөлийн бөхийг дэмжих байсан уу? Ядаж дөрөв давчих, эсвэл улсын начингууд нь цолоо баталчих тэгвэл би харцага болгоод дэмжээд өгье гэж хэлжээ.
Ид сайхан насан дээрээ барилдах ёстой улсын том цолтон би дэмжээд өгье, дэмжээд явуулсан гэж ярих хэр зохимжтой вэ?
Ц.Содномдорж арслан 36 настай. Яг энэ насан дээр 2009 онд дархан аварга Г.Өсөхбаяр улсын наадам ес даван түрүүлж даян аварга цолны болзол хангаж байв. Мөн аварга Г.Эрхэмбаяр 2013 оны наадамд 35 насандаа түрүүлж улсын аварга цол хүртэж байжээ. Эдгээр аваргууд энэ насан дээрээ түрүүлэх хэмжээнд барилдаж байхад эрхэм арслан маань аймгийн наадамд шинэ цолтон төрүүлэх хэмжээнд сэтгэж эхэлжээ.
Ингэж сэтгэхдээ хамаатныхаа ямар ч цолгүй залуу бөхийг түрүүлүүлэх хэмжээнд зохиол гаргаж түүнийгээ биелүүлж, Үлэмж бадрах чимэгтэй “Үнсээд” тахим буулгах нь бөхчүүдийн маань байнга ярьдаг Монгол бөхийн хийморь, ёс жудагт хэр нийцэх вэ? Ц.Содномдорж арслан мөн өөрийн тайлбар бичлэгт бөхөө байя гэж бодоход эр хүний хувьд гэх үгийг олонтаа хэлсэн. Эргээд танаас асууя. Олон жил улс, аймгийн цол горилж өдөр шөнөгүй бэлтгэл хийчээд бүртгүүлж ч чадахгүй хасагдах бөх өө байя гэхэд эр хүний хувьд хэр санагдах вэ!
А.Болдбаатар
Сэтгэгдэл (7)