Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд цолоо ахиулсан бөхчүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Шинэ долоо хоногийн эхний дугаарт улсын заан цол хүртсэн бөхчүүдийг онцолж байна.
Энэ удаагийн дугаарт улсын заан Б.Серикийг танилцуулж байна. Тэрбээр 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ.
Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.
Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.
Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.
Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.
- Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
- Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
- Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
- Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
- Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
- Долоогийн даваанд улсын заан Д.Анар
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (7)