Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбааатрын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төрж өсжээ.
Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Цэргийн харцага цол хүртсэн.
О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм.
Тэрбээр 2020 онд Улсын начин цол хүртсэн бөгөөд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын харцага Н.Батзаяагаар дөрөв, улсын аварга С.Мөнхбатаар тав давсан билээ.
Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын харцага цол хүртжээ.
-
Нэгийн даваанд Сумын заан Б.Эрдэнэболд /Завхан аймаг/
-
Хоёрын даваанд Аймгийн харцага Ч.Дагвадорж /Говь-Алтай аймаг/
-
Гурвын даваанд Аймгийн арслан Г.Хишигбат /Ховд аймаг/
-
Дөрвийн даваанд Аймгийн арслан Э.Төгөлдөр /Төв аймаг/
-
Тавын даваанд Улсын начин Ц.Сандагдорж /Хөвсгөл аймаг/
-
Зургаагийн даваанд Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл /Булган аймаг/
Д.Батчулуун