Өнөө шөнө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, маргааш өдөр Улз голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар усархаг бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална. Ирэх долоо хоногт нийт нутгаар халуун байхыг Цаг уурын байгууллагаас онцоллоо.
Долдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, наймдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус дулаан.
Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөв гарчээ.