Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавируст халдварын тархалттай холбоотой цаг үеийн мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд омикрон хувилбарын BA.4 болон BA.5-ын давалгаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зургаадугаар сард авсан сорьцоос BA.4 болон BA.5 хэв шинжит хувилбарууд тодорхойлогдсон бол долоодугаар сард хийсэн шинжилгээгээр BA.5 хувилбарын дөрвөн хэв шинж 70 хувьтай тогтоогдсон бол бусад нь ВА.1, ВА.2 хэв шинжээр үүсгэгдсэн байна.
Иймд Монгол Улсад ВА.5 хувилбарын тархалт давамгайлж байна. Энэ хувилбарын нууц хугацаа 2.4 хоног гэж үзсэн. Халдвар авч байгаа хүмүүсийн ¾ нь анх удаа халдвар авсан бол давтан халдвар авсан хүмүүс өмнө нь 2-3 удаа өвчилсөн тохиолдлууд байна.
Насны бүлгээр авч үзвэл 18-39 насны хүмүүс халдвар авах эрсдэл 1.3 дахин өндөр байна. Харин давтан өвдөх эрсдэлт хугацаа 6.6 сар хэмээн үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл халдвар аваад эдгэрсний дараа, вакцины дараах биеийн эсэргүйцэх чадвар зургаан сарын дараа буурч эхэлж байна.
Т.Мөнхжаргал