Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ орны зохицуулалт, хүүхдийн вакцин, манай улсад хийсэн сармагчны цэцэг өвчний эрсдэлийн үнэлгээ зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.НАВЧАА мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх шинж тэмдэг илэрч байна. Халуурах, хоолой өвдөх, шинж тэмдэг давамгайлж байна. Энэ удаагийн хувилбарын нууц үе богино учраас халдвар хурдтай тархах байдал ажиглагдаж байна.
Нийт хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Тиймээс маск зүүж, өөрийгөө тусгаарлан гэрээр эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Мөн хоолой хорсч, өвдөж байгаа бөгөөд гэртээ халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ удаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Эмнэлэгүүд ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 15:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана" гэв.
Д.Батчулуун