Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул энэ жилийн хамгийн залуу начин Э.Батмагнайг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Энхтүвшиний Батмагнай тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 2001 оны нэгдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд төрж өсжээ. Баянхонгор аймагтаа амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг байв. Түүний анхны багш бол Байдрагийн хүчтэн чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч С.Мөнхдуулах юм.
Тэрбээр, үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 16, 17, 18 насанд сүүлийн гурван жил дараалан түрүүлж ховорхон амжилтыг үзүүлж байлаа. Тухайлбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм.
Мөн 18 насандаа Баянхонгор аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч аймгийн начин цол хүртэж байв. Үүнээс нэг жилийн дараа буюу 2020 онд Баянхонгор аймгийн баяр наадамд долоо давж үзүүрлэн Аймгийн заан цол хүртжээ.
Э.Батмагнай бөхийн өргөөнд анх 2020 онд бүх цэргийн наадмаар зодоглож, хоёрын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан өдгөө улсын начин Ц.Сандагдоржид өвдөг шороодож байв. Сонирхуулахад, тэрбээр бүх цэргийн наадамд гурван удаа зодоглосон бөгөөд ингэхдээ бүгдэд нь хоёрын даваанд өвдөг шорооджээ.
Ташрамд дурдахад, Э.Батмагнай нь улсын начин П.Нямжанцангийн удмын бөх юм.
Тэрбээр 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхийн өсвөр залуучуудын улсын гурван удаагийн аварга. Залуучуудын УАШТ-д түрүүлэхдээ Сэлэнгэ аймгийн уугуул, өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын арслан цолонд хүрсэн Б.Орхонбаяртай барилдаж аварга болсон.
Э.Батмагнай чөлөөт бөхийн төрлөөр:
2016 онд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл,
2017 онд Өсвөр үеийн УАШТ болон “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмаас алт,
2018 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл, Өсвөр үеийн УАШТ болон Залуучуудын УАШТ-ээс алт, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгө,
2019 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болон “Монголиа Опен” тэмцээнээс хүрэл, мөн Залуучуудын УАШТ-ий алт
2020 онд Залуучуудын УАШТ-ий алт, О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний алт,
2021 онд Залуучуудын УАШТ-ий алт,
2022 онд Азийн АШТ-ээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байна.
Энэ оны Азийн АШТ зургаадугаар сард болсон бөгөөд 125 кг-ын жинд барилдан өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын заан цолонд хүрсэн М.Лхагвагэрэлд ялагдан, мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ. Дөрвийн даваанд Улсын гарьд М.Бадарчийг давж, тавын даваанд түүнийг бөх амлаагүй бөгөөд тунаж үлдсэн билээ.
Нэгийн даваанд Аймгийн начин Д.Түмэнжаргал /Улаанбаатар хот/
Хоёрын даваанд Аймгийн арслан Д.Тангад /Говь-Алтай аймаг/
Гурвын даваанд Цэргийн начин Т.Батсүрэн /Увс аймаг/
Дөрвийн даваанд Улсын гарьд М.Бадарч /Архангай аймаг/
Тавын даваанд Аймгийн арслан О.Наранбаатар /Өвөрхангай аймаг/
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)